Бидний мэдэх Батжа ах

387566942_144609628733156_471220689807551858_n

Боулингийн спортын дэд мастер Цэндхүүгийн Батжаргал. Түүнийг энэ спортынхон Батжа ах хэмээн хүндэлдэг. Тэрээр 2009 оноос боулингийн спортоор гэр бүлийн хамт шимтэн хичээллэж, тэмцээнээс тэмцээнд ур чадвараа ахиулсаар Монголын боулингийн спортын 10 дах дэд мастер цолыг хүртсэн боулингийн шилдэг тамирчдын нэг билээ. Одоогоос 13 жилийн өмнө хэсэг спортлог ах маань хэсэг нөхдийн хамтаар Монголын Арванбайт Боулингийн Холбоог үүсгэн байгуулалцаж, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Холбооны цом, Про-Мастерс, Үндэсний лигийн тэмцээн, гэр бүлийн лиг, оюутан залуусын лиг, хүүхдийн лиг зэрэг олон тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож, зарим томоохон тэмцээнийг ивээн тэтгэсэн спортын нэрт зүтгэлтэн юм. Мөн холбооныхоо дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж, “Боулингийн спортын цол, зэрэг олгох болзол”-ыг санаачлан боловсруулалцаж, батлуулснаар 2011 оноос эхлэн Монголын боулингийн тамирчид, шүүгчдэд амжилтыг нь үндэслэн, Улсын цол олгох ажлыг гардан зохион байгуулсан боулингийн хамт олон дундаа нэр хүндтэй, энэ спортын хөгжлийн төлөө “За” гэж хэлж чаддаг, хийж чаддаг цөөн спортын зүтгэлтнүүдийн нэг байсан. Ц.Батжаргал нь боулингийн холбоодоос зохион байгуулдаг үндэсний хэмжээний бүхий л тэмцээнд ирц өндөртэйгээр оролцож, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг авч, Үндэсний лигийн тэмцээнд 5 түрүүлж, 5 үзүүрлэж, 5 удаа 3-р байрт шалгарч, боулингийн спортын онцлог шагнал болох “Өндөр онооны шагнал”-ын эзнээр удаа дараа тодорч, “Сити Кап” уламжлалт багийн тэмцээнд аваргалсан өвөрмөц амжилтын эзэн билээ. Ер нь авч болох бүхий л медалийн дийлэнхийг цуглуулж чадсан нь түүний уйгагүй хичээл зүтгэлийн илэрхийлэл юм. Тамирчны хувьд тогтвортой шидэлт, дундаж онооны үзүүлэлт, амжилтаараа 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон Азийн зуны спортын XVI наадамд шигшээ багийн бүрэлдэхүүн багтан, эх орныхоо нэрийг багийн нөхдийн хамтаар тивийн дэвжээнд гаргасан шилдэг тамирчин байсан. Тэрээр гурван хөвгүүдээ боулингийн спортод дур сонирхолтой болгох замыг нь зааж өгсөн дасгалжуулагч багш-аав. Түүний дунд хүү Батжаргалын МӨНХТУЛГА аавынхаа гаргасан амжилтын жимээр зогсолтгүй урагшилсаар цахиур хагалж, хамгийн залуудаа “Спортын мастер” цолтон болсон ирээдүйтэй боулингч. Бид бүхний Батжа ах бизнесийн салбарт ч монголын урдаа барьдаг компаниудын нэг “Бимэкс Холдинг” ХХК-ийг дүү нарынхаа хамт үүсгэн байгуулж, “Бимэкс Тех”ХХК-ийн захирал, Монголын худалдаа, үйлчилгээний салбарын чадварлаг бизнесмен хүн байлаа. Батжа ахын, боулингчдын нэрлэж заншсанаар том ахын маань нинжин сайхан сэтгэл, дулаан зөөлөн инээмсэглэл, намс намс алхаа, ажилч хичээнгүй, тусч нөхөрсөг, нягт нямбай, зарчимч, хөдөлмөрч, дайчин зан чанар, спортын төлөөх үйлсэд хийсэн, бүтээсэн бүхэн нь бид бүгдийн сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдлээ…