Монголын сагсан бөмбөгт юу болоод байна? Сэтгүүлчийн эргэцүүлэл

315770201_5338140052981085_8911122199418686139_n

Монголын сагсан бөмбөгт юу болоод байгааг тоймлон хүргэе. Өнгөрсөн жилийн 5-р сад МСБХ-ны ээлжит их хурал хуралдаж, олон жилийн талцал хуваагдлаа таягдан хаяж, дээр нь “Уран ган групп”ХХК өөрсдийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар UG Arena гэдэг 3500 хүний суудалтай саруул сайхан ордныг ашиглалтанд оруулснаар сагсан бөмбөгийн спортод гэрэл гэгээ гийж эхэлсэн. Үндэсний дээд лигийн тэмцээн ч дажгүй болж, шигшээ баг маань Азийн бүсийн хоёр ч сонгон шалгаруулалтыг эх орондоо хүлээн авснаар одоогоор Азийн шилдэг 24 багт багтаж, цаашид ААШТ-ий шилдэг 16-д шалгарч үлдэхийн төлөөх хариуцлагатай тоглолтуудыг хийхээр хүлээж байна.

Өнгөрсөн жилийн улирлын тоглолт эхлэхийн өмнө “Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо”-ноос тодорхой саналуудыг МСБХ-нд тавьсан ч холбооны удирлагууд “Энэ жил лигээ сайхан хийчихье. Дараагийн лигээс өмнө ярилцья” гээд өнгөрүүлсэн. Тэмцээн болдгооро болоод өнгөрсөн. Зун наадмын дараа МСБХ-ноос лигийн тэмцээнтэй холбоотой санал хүсэлтээ ирүүлэхийг хүссэн албан тоотыг клуб, багууд руу мэйлдсэн байдаг. Хугацаа нь шахуу, амралтын улирал ид дундаа байсан болохоор багууд ч нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрүүлчихсэн. Холбооноос “Хөгжлийн лиг”-ийг эхлүүлж, удалгүй Дээд лигийн шинэ улирлын тоглолтоо 11-р сарын 3-ны өдөр эхлүүлнэ гэдгээ зарласантай зэрэгцээд, “Сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо”-ноос өнгөрсөн жилийн хүсэлтээ албан бичгээр албажуулан, холбоонд хүргүүлэв.

 

Зөрүүлээд МСБХ шинэ улирлын өмнөх угтал арга хэмжээнүүдээ зарлав. Дээд лигийн 8 багаас 5-6 багийн удирдлагууд албан бичигт хариу өгтөл холбооноос зохион байгуулсан аливаа арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мөн мэдэгдэцгээв. Багийн эзэд, дасгалжуулагчид ээлжит уулзалтаа ч хийцгээв.

 

 

Төд удалгүй МСБХ-ноос албан бичгийн хариу ирэв. Мэдээж тэр нь багуудын хүсэн хүлээж байсантай нийцээгүй тул багууд өөрсдийн байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгээ мэдэгдсээр. Харин холбооны зүгээс Дээд лигийн нэр бүхий багуудыг лигээс хасч байгаагаа зарлаж, тоглолтын хуваариа олон нийтэд мэдээлж, Хасын хүлэгүүд, Налайх Бизон багууд дээр “Хөгжлийн лиг”-ийн зарим багуудтай болон хассан багуудын тоглогчидтой шүд сугалах маягаар нэг нэгээр нь гэрээ хийж эхэлсэн нь ёстой гал дээр тос нэмж орхив.

Сагсан бөмбөг сонирхогчид, тамирчид ч сошиол орчинд үзэл бодлоо олноороо илэрхийлж, зарим нэг нь лайв хүртэл хийж, хайртай спортынхоо хөгжлийн төлөө санаа зовницгоосон нь зүй ёсны хэрэг.

Дараа нь “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбооноос 2023 оны 10-р сарын 26-ны өдөр МСБХ болон “Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо”-д хандан, албан мэдэгдэл гаргаж, асуудал нааштай шийдэгдэхгүй бол тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах алхам хийнэ гэв.

Одоогоор байдал нэг иймэрхүү өрнөлттэй, Дээд лиг зарласан товлосон хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй хэвээр. Цаашид талууд ямар алхам хийцгээх бол? Энэ байдлаас гарах гарц гаргалгаа байгаа юу гэвэл мэдээж байгаа. Олон нийтийн эрх ашиг, спортынхоо хөгжлийн төлөө аль нэг тал нь буулт хийж, ширээний ард нээлттэй яриа, хэлцэл өрнүүлж байж л асуудал нааштай шийдэгдэнэ. Өнгөрсөн жил хагасын өмнө хуралдсан МСБХ-ны ээлжит их хуралд спортын сэтгүүлч миний бие мандаттай төлөөлөгчийн хувиар оролцсон. Холбооны шинэчилсэн дүрмийг хурал даргалагч уншаад, бүхэлд нь батлах санал хураах гэхэд нь би ганцаараа үг хэлж, горимын санал гаргаж, хурлын тэмдэглэлд тэмдэглэж өгөхийг хүссэн. Бид асуудалд ингэж л хайнга хандацгаадаг. Уг нь бол 4 жил мөрдөгдөх холбооны дүрэм, дагалдах журмуудаа бүлэг, заалт нэг бүрээр нь хэлэлцэж, сайтар шүүн тунгаах эрх нь хурлын төлөөлөгчдөд байсан. Тэд огт тоогоогүй. Яахав нэгдэх, нийлэх нь тухайн үед чухал байсан л байх. Гэхдээ асуудалд ингэж хандсаар байх юм бол Монголын спорт холбоодын засаглал хэзээ ч сайжрахгүй, шинэчлэгдэж салхи орохгүй. Мөн энэ зун болсон МСБХ-ны “Бүх гишүүдийн хурал”нэг л их алга ташсан, магтаалын үгс урсгасан маягтай болсон. Төлөөлөгч би бээр яг өнөөдрийн үүсээд байгаа асуудалтай холбоотой саналууд гаргаж, тодорхой хариулт авахыг хүссэн. Хурал даргалагчийн зүгээс эгдүүцсэн, үл тоосон, дээрэнгүй байр сууринаас хариулт өгснийг тод санаж байна. Яг өнөөдрийн холбооны байр суурь, хандлагатай яг адил гэсэн үг.

Хамгийн сүүлд авсан мэдээллүүд : “Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоо”-ноос гурван талт хэлэлцээр хийх тухай албан бичгийг МСБХ болон тоглогчдын холбоонд ирүүлжээ. Мөн “Архангайн Алтан Дорнодын дайчид баг” энэ улирлын тоглолтонд оролцхгүй гэдгээ мэдэгдлээ.

Одоо цааш яах вэ? МСБХ миний харж байгаа өнцгөөс бол албан бусаар “МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” болсон. Холбооны удирдах зөвлөлд квот өгч оруулсан Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, эмэгтэйчүүдийн, шүүгчдийн гээд тусдаа тамга тэмдэгтэй тэр олон холбоод цааш энэ янзаараа жижиг жижиг амбицаа хаяхгүй байсааар байх уу гэдэг өөрөө маш том асуултын тэмдэг! Ер нь бол нэг угшилтай, нэг компанийн захирлууд болон өмнө нь сагсан бөмбөгч байсан хэсэг бүлэг хүмүүс яг сонгодог утгаар нь энэ олон нийтийн байгууллагыг сайн засаглалтай удирдаж чадахгүй юм байна гэдгийг харлаа. 1994 оноос эхлэлтэй, ирэх жил 30 жилийн ой нь тохиох Үндэсний дээд лигээ үгүйсгээд, Хөгжлийн лиг болгож дордуулдгийг хардаг бид бас азгүй хүмүүс шүү. Тамирчдын эрх ашиг, үзэгчдийн эрх ашиг гэдэг маш том зүйл үргэлж гортигийн гадна үлддэгийг бас сануулъя. Эцэст нь та бүхэнд нэг асуулт байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо юу? Монголын сагсан бөмбөгчдийн холбоо юу? Хариултыг эрхэм уншигч, спорт сонирхогч та бүхэнд үлдээе. Монголын сагсан бөмбөгийн спорт хөгжинө гэдэгт би, бид бүгдээрээ итгэдэг.

Спортын сэтгүүлч

Надмидцэрэнгийн Тамир.