Хан-Хэнтийн заан Д.Цэрэнням ханаруулсаар түрүүлэв
Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан “Монгол бөхийн өргөө”-нөө болж, 448 бөх уран мэх, хүч бяраа сорин барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Шинэ анагаах ухаан” их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Завхан дэвжээ, Аварга ДС-ийн бөх, сумын наадамд 5 удаа түрүүлсэн заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн үзүүрлэсэн бол их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Г.Өнөрбат нар шалгарчээ. Дунд шөвгийн долоод Төв аймгийн сумын заан Б.Цогт, Хэнтий аймгийн сумын заан Н.Уугангэрэл, Д.Отгонбаяр нар үлдэв. Маргааш 13:00 цагаас нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардах юм.