Хөл бөмбөгийнхөн боломжуудаа, итгэл найдвараа алдсаар байх уу?

392945865_884757829686969_5625174459350846745_n

2026 онд Америк тивийн 3 улс хамтран зохион байгуулах ДАШТ-ий Азийн бүсийн эхний шатны тоглолтууд явагдаж, халз тоглолтонд хожсон багууд үндсэн хэсэг рүү орох эрхээ авлаа. Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг дундын талбай болон өөрийн талбайд Афганистаны шигшээ багт хоёр удаа 0:1 0:1 гэсэн оноогоор хожигдсоноор дараагийн дэлхийн аваргын урьдчилсан шатыг хүлээх болж тамирчид, хөгжөөн дэмжигчид сэтгэл гундуу үлдэцгээв. Хожсон бол Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээ багуудтай 6 тоглолт хийх боломж байв. Хожигдлын үндсэн шалтгаан юу вэ? Дөрвөн жилд ганц удаа болдог том тэмцээний үндсэн хэсэгт орж чадалгүй үлдсэний бурууг хэдэн хөл бөмбөгчид нуруундаа үүрээд үлдэх үү? Манайхаас өөр улсад бол шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, түүний багийнхан, цаашлаад холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгуульт ажлаа өгөөд, дараагийн шинэ бүрэлдэхүүн хурал хуйгаа хийгээд, алдаа оноогоо цэгнээд эхэлчихсэн байгаа. Харин манайд? Холбооны удирдлагууд чимээгүйхэн мартуулахыг, аргалахыг, аргацаахыг л илүүд үзнэ. Үе үеийн төрийн тэргүүний хамаарал бүхий улс төрчид, тэдний гар хөл бологсод Олон улсын хөл бөмбөгийн холбоо/ОУХБХ/-ноос манайд өгдөг санхүүжилтын өрмийг хусамтай нь хамт туусаар 20 гаруй жил болж байгаа нь нууц биш. Энэнээс гадна хамгийн аюултай нь хөл бөмбөгийн дотоодын дайснууд холбооны нүх сүв бүрт бясаа, жоом адил сүрэглэн, шимэгчлэн амьдарцгааж байгаад хамаг учир бий. Хөл бөмбөгийн спортоор хувь хүний төлөвшлөө олсон спортын мастер, ОУХМ, бүүр гавъяат тамирчид нь хүртэл сэтгэл нь өвдөлгүй энэ спортын, энэ холбооны шим шүүсийг ховх сорж, хүүхэд залуусын ирээдүйгээс хулгайлсаар байгаа нь зөв хэрэг үү? Дэндэнэ, дэндэнэ гэхэд арай л дэндлээ. Дэлхийн тэргүүлэх спортын хөгжлийг уулын оройд гаргадаггүй юм гэхэд ядаж бэл хавиар нь байлгамаарсан даа. Жил бүр орж ирдэг тэр их ногоон дэвсгэртийн их тусламж дээр хэсэг бүлэг этгээдүүд солонгос хоолны дундын хачир идэх адил найрласаар байх уу?! Монголын спортын салбар тэр чигтээ элгээрээ хэвтсэнийг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй! Спортын сэтгүүлч Н.Тамир