Азербайжан 1:0 Монгол. Тоглолтын гол баатар хаалгач Э.Мөнх-Эрдэнэ!

433439536_1505543163390933_8876434029113658079_n

Нөхөрсөг тоглолт. Азербайжан 1:0 Монгол. Монголын үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа энэ сарын 18-26-ны хооронд ОУХБХ/FIFA/-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд хийж байгаа. Хоёр багийн тоглолт Баку хотын Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Өмнө нь манай шигшээ баг Европын багуудаас Гүржийн шигшээ багтай тоглож байсан. Монголын шигшээ баг дараах гарааны бүрэлдэхүүнтэйгээр талбайд гарав. Багийн ахлагч Орхоны Мөнх-Оргил шигшээ багтаа 21 дэх тоглолтондоо оролцлоо.

 

 

Тоглолт эхэлж, талбайн эзэд довтолгоо голлосон, манайх хамгаалалт зонхилсон тоглолтыг үзүүлж эхэлсэн. 1-р үеийн эхэнд зүүн жигүүрээр, дараа нь баруун жигүүрээр маш зохион байгуулалттай довтолгоог Азербайжанчууд хийж байлаа. Тэдний уралдуулсан дамжуулалт, жигүүрээр 16-гийн талбай руу чиглэсэн дамжуулалт, цохилтууд аюул тарьсаар. Манай багийн анхны сөрөг довтолгоо 36 дах минутанд болсон. Гэхдээ хаалга руу цохиж амжсангүй. 2-р үеийн тоглолт илүү сонирхолтой өрнөсөн. Эсрэг багийн тактик нэг их өөрчлөгдөөгүй ч манай залуус тэдний эсрэг яаж тоглохоо ерөнхийд нь мэдэрсэн гэхэд болно. Энэ тоглолтын гол баатар нь Монголын шигшээ багийн хаалгач Энхтайваны Мөнх-Эрдэнэ байлаа. Хаалга руу чиглэсэн 31 цохилт! Тэр үнэхээр бахархмаар, огшмоор тоглолтыг үзүүлж чадсан. Мэдээж багийн хамгаалалтын шугамынхан түүнд сайн тусалсан. 81 дэх минутанд Ганзориг Андерсон Филип айлын хаалга руу хүчтэй цохилт хийж, хаалгач хамгаалав. Бөмбөг эзэмшилт 73:27 хувьтай, булангийн цохилт 14:2. Шүүгчийн мэдлийн 91 дэх минутанд талбайн эзэд зүүн жигүүрээр давшиж, алдаа авч чадав. Чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Бахлул Мустафазаде мөргөж гоолдсоноор энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж орхисон. Хэнийг ч буруутгах аргагүй юм даа. Дамжуулалт ч супер байв. Тоог тэнцүүлэх гэж залуус маань чадлаараа хичээсэн. Боломж ч гарах дөхсөн. Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг бужигнаан дундаас цохиод алдсан. Дасгалжуулагч сэлгээг арай л хойно хийх шиг санагдсан. Ядаж 5-6 минутийн өмнө сэлгээгээ оруулсан бол…  Монголын шигшээ баг сүүлийн 6 тоглолтондоо гоол оруулж чадаагүй, 5 хожигдож, 1 тэнцээтэй яваа. Гэхдээ нэг үеийг бодвол шигшээгийнхэн маань айж бэргэхээ больж, талбай дээр тоглож чадаж байна. Гадаадад тоглож байсан залуусаараа хүчээ сэлбэж, тэд ч сурсан мэдсэнээ харуулж эхэллээ. Болж байна шүү, залуус аа. Дасгалжуулагчдын талаар дараагийн нөхөрсөг тоглолтын дараа бичье.

Хаалгач Э.Мөнх-Эрдэнийн яриа   Бичлэг үзэх

Шигшээ багийн бэлтгэл   Бичлэг үзэх

Шигшээ багийнхан чөлөөт цагаараа   Бичлэг үзэх

Үндэсний шигшээ багт анх удаагаа дуудагдсан Чехийн дээд лигийн “Динамо Ческе Будеёвице” клубын довтлогч Гантогтохын Төгөлдөр   Бичлэг үзэх

 

Тоглолтын гэрэл зургаас

 

Монголын шигшээ багийнхан тоглолт болох Баку хотын Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирлээ.

 

Одоо хөл бөмбөгийн хүрээнийхэнд ганцхан л том асуудал байна. МХБХ гэдэг спорт холбоо буюу ТББ-ын засаглалыг сайжруулах, илүү олон нийтэд нээлттэй болгох тал дээр ажиллах! Энийг хийхгүй бол хичнээн сайн тамирчид, дасгалжуулагч байгаад нэмэргүй. Спортын хөгжлөө, тамирчдаа, хөгжөөн дэмжигчдээ дэмжсэн бодлого ус агаар шиг дутагдаж байна. Тэрнээс энд тэнд гоё заал, танхимд хэлэлцүүлэг хийснээр, аль нэг байгууллагатай төрийн тэргүүний нэрийг барьсан улаан, цэнхэр хавтастай санамж бичиг солилцсоноор хөгжил ирэхгүйг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй, хөл бөмбөгийн спортоо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй, бодит шүүмжлэлийг хүлээн авах чадвартай жинхэнэ удирдагч, удирдлагын чадварлаг баг үнэхээр үгүйлэгдэж байна.

Ингээд үндэсний шигшээ багийн тамирчиддаа Африк тивийн Танзанийн шигшээ багтай хийх дараагийн тоглолтонд нь амжилт хүсье. Тоглолт нөгөөдөр 3-р сарын 25-ны орой Улаанбаатар хотын цагаар 21:00 цагаас болно.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир