Багш хүн улных биш, элит давхаргад хамаарагдаж болдоггүй юм уу?

458489189_26815143568098947_1274549050594236221_n
Улсын хөгжилд хүчтэй нөлөөлдөг хоёр баялаг бий. Нэгдүгээрт : Байгалийн баялаг. Газрын хэвлийн бүхий л баялаг, тухайлбал ашигт малтмалын нөөц гэхэд хязгаартай бөгөөд нөхөн төлждөггүй, өсөж үржддэггүй! Нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг онцлогтой!
Хоёрдугаарт : Эрдэм мэдлэгийн баялаг гэж бий. Мэдлэгт хязгаар гэж үгүй! Эрдэм мэдлэгийг хөгжүүлсэнээр ур чадвартай, өөртөө итгэлтэй иргэд аяндаа бий болдог! Тэд технологийг зохиож, өртөгт суурилсан, бүтээлч эдийн засгийг бий болгодог. Бүтээгчид эндээс төрдөг! Харамсалтай нь сонгууль дөхөж буй учир улс төрчид иргэдэд эхний баялгийг нь эзэмшүүлэх талаар ам уралдан ярих болж!
Та байгалийн баялгаасаа эзэн ёсоор хувь хүртэх эрхтэй гэдэгтэй санал нэг байх ч, хөгжил авчирдаг хүчин зүйл огтоос биш! Энэ нь амжиргаанд нөлөөлөхөөс хэтрэхгүй. Харин эрдэм мэдлэгийг харамгүй олгоё. Энэ дуусашгүй баялгийг харамгүй хөгжүүлье гэж ярихгүй байгаа нь монголын улс төр хэрхэн дорой байгааг илтгэнэ! Ирээдүйтэй хөгжил яръя гэвэл зэс, нүүрс зарсан орлогоос үлэмж хэсгийг боловсролыг хөгжүүлэхэд зарцуулах ёстой. Жишээ нь дэлхийн топ 50-д багтах их сургуулийг эх орондоо байгуулахыг зорих, эсвэл тийм хэмжээний сургуулийн салбарыг оруулж ирэх хэрэгтэй.
Дэлхийн топ 50 их сургуулийн ихэнх нь Америкийн их сургуулиуд. Тэдний дундаж жилийн төлбөр 40000 ам.доллар. Энэ их мөнгийг төлөөд сурч байгаа тохиолдол цөөнгүй байна. Дотооддоо дэлхийн хэмжээний их сургуультай болж чадвал гадагшаа урсах асар их мөнгөний урсгалыг хэмнэж чадна гэсэн үг! Бүхий л шатны сургуулийн багшийн цалинг багадаа 10 сая төгрөг болгосон ч буруудах зүйлгүй. Багш хүн улных биш, элит давхаргад хамаарагдаж болдоггүй юм уу?
Өнөөдөр манай улсад Багш бэлддэг сургууль нь төлбөргүй болсон. Учир нь элсэгчгүй болсон гэсэн тайлбартай. Сурлагаар сул элсэгчид багшийн сургуульд сурдаг болсон нь нууц биш. Зүй нь бол багш бэлддэг сургуульд хамгийн сайн хүүхдүүд өрсөлддөг, өндөр төлбөртөй байх ёстой биш бил үү? Эрэлтийг бий болгохын тулд багшийн цалинг хамгийн өндрөөр тогтоох санаа хэлээд байгаа нь тэр. Бусад салбарынхан барьцаж магадгүй юм. Хүүхэд байхаасаа хүн болох бүх л процесс багшийн гараар л дамждаг. Бүхий л салбарын эрдэм мэдлэгтэй, чадвартай иргэдийг багш л бий болгоно! Та бүхэн Катар гэдэг улсыг мэднэ. Асар их нефтийн нөөцтөй боловч ердөө 2 сая гаруй хүн амтай. Катарын хурдтай хөгжлийн нууц нь knowledge based economy буюу мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чаджээ. Технологи бий болгох, ШУ-ны судалгаа шинжилгээний институтийг бий болгоход онцгой анхаарчээ. Хөгжлийн нууц нь үүнд оршиж байна.
Байгалийн баялаг гэхээр зүйлгүй Сингапур, Тайвань гэх улсуудын баялгийн сан нь хэдэн зуун тэрбум ам.долларт хүрч. Нууц нь гэвэл мөн л мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чаджээ. Монгол Улсын хувьд хээл хахууль, хулгай луйвар хийх явдал төрийн хэмжээнд гаарч, бодлого боловсруулагчид нь халамжийн бодлого, хөгжлийн бодлого хоёроо ч ялгаж чадахгүй дорой болсон. Тэгэхээр ирэх сонгуулиар төрийг хуйгаар нь шинэчлэх цаг нь нэгэнт болсон гэдэгтэй эрхэм та санал нэгдэх үү? Тийм бол эрхэм та миний Пейжийг дагаж илүү ихийг мэдэхийг хүсье!