Байрлал тогтоох харваанд базаахгүй харвасан ч боломж бол бүрэн бий

452316814_7319640171471877_4809270375820299972_n
ПАРИС-2024 Зуны олимпын XXXIII наадам. Монголын баг тамирчдын тэмцээний анхны мэдээг хүргэж байна. Азийн наадмын аварга, байт харвааны тамирчин, ОУХМ Баатархуягийн ОТГОНБОЛД Б.Отгонболд эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд нийлбэр дүнгээр 643 оноо авч, 54-р байрт эрэмбэлэгдэв.
Харвааны эхний үед 7 оноог 1 удаа, 8 оноог 14 удаа авч, үеийн төгсгөлийн 5 ба 6 дах сумаараа/нийт 12 сум/ 9 болон дээш оноог нэг ч авсангүй. Мөн 2-р хагасын харвааны эхний 6 сумны сүүлчийнх 6 дээр туссан нь байдлыг нэлээн дордуулсан ч энэ үед 10 оноог 10 удаа, байны гол цэгт хоёр ч удаа онов. 4 дэх сумууд бүгд 9 оноо авсан хэдий ч, харваа бүрийн шийдвэрлэх 6 дах сумууд бүгд 8 дээр онилогдсон нь түүний оноог дээш нь явуулсангүй. Өөрөөр хэлбэл санаснаараа харваж чадсангүй гэсэн үг.
Ингэснээр тэрээр хасагдах шатанд 11-р байрт эрэмбэлэгдсэн 20 настай, дэлхийн чансааны №17 Мексикийн харваач Матиас Грандетэй 7-р сарын 30-ны орой 17:55 цагаас 1/32-т цэцээ сорихоор боллоо. Манай тамирчин 3 жилийн өмнө Токиогийн наадамд бас л 54-т бичигдэж, БНХАУ-ын тамирчинд ялагдсан удаатай. Хор байна, шар байна. Азийн наадмын аварга хүнд бодож, төлөвлөсөн зүйл зөндөө бий байх. Угаасаа хасагдах шат гэдэг бэлтгэлжилтээс гадна тамирчнаас сэтгэл зүйн асар их тэвчээр шаардана. Даваад л гарна даа. Найдлага бий. Тэмцээн дөнгөж л эхэлж байна. Олимпын наадамд тоосоо өргөөд үзчихсэн, тивийн наадмын аварга хүний, алдрын тавцанд зогсоод үзчихсэн харваачаа мэдрүүлэн, дэлхийн тамирчин болсноо харуулах л үлдэв.
Гэрэл зургийг Ч.Ганбат
Эх сурвалж : www.olympics.com