Б.Билгүүний туршлага Т.Ууганбаярын зүтгэл. БНХАУ 80:49 МОНГОЛ
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг “Азийн цом-2024” тэмцээний III шатны буюу шигшээ тоглолтонд шалгарах эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын эхний тоглолтоо БНХАУ-ын багийн талбайд хийлээ. Энэ бол манай шигшээ багийн хувьд, цаашлаад Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд нэн шинэ хуудас нээсэн үйл явдал юм. Грек мэргэжилтэн гарааны бүрэлдэхүүнд Б.Билгүүн, О.Энхбаатар, О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, Н.Батбаяр нарыг гаргав. Эзэн баг эхний оноог торгуулийн шидэлтээс авав. Харин манайхаас хэн эхний оноог авах бол гэж бүгд л дор бүрнээ таамгаа дэвшүүлж байсан байх. О.Эрдэнэцогт оролт гүйцэтгэж, самбарт ойсон бөмбөгийг Т.Ууганбаяр нэмснээр энэхүү нэр хүндтэй тэмцээний анхны оноог багтаа авчирч чадлаа. Бичлэг үзэх
Цаашаа тоглолт улам сонирхолтой, өрнөл ихтэй явагдсан. Багийн ахлагч Б.Билгүүн дараагийн 2 оноог Н.Батбаярын дамжуулалтаар авч, удалгүй ганцаараа оролт хийх үедээ бөмбөгөө алдаж орхисон. Гэсэн ч алдаагаа дор нь засч, Н.Батбаярт оновчтой дамжуулалт өгснөөр оноо 6:1 болов. Тайван хүлээцтэй хамгаалалт үр дүнгээ өгснөөр Т.Ууганбаяр-О.Энхбаатар нарын хувилбар янзтай хэрэгжиж, тоо 8:1-ийг зааж, айлын багийн дасгалжуулагч завсарлага захиалахаас өөр аргагүйд хүрэв. Сайхан эхлэл байлаа! Завсарлагын дараах 3 минутанд Хятадын багийн будагтай талбайн тоглолтууд хэрэгжиж онног тэнцүүлж, бүүр илүү гаргалаа. Манай сэлгээнээс орж ирсэн зарим тамирчдын тоглолт нэг л болж өгсөнгүй. Ялангуяа М.Өлзий-Орших тоглолтондоо орж чадсангүй. Эсрэг баг ч түүний тоглолтыг маш сайн судалсан нь илт харагдаж байв. Тамирчин хүнд хааяа хааяа бас ийм зүйл тохиолдох тал бий. Үеийн төгсгөлд А.Тэмүүжин торгуулийн 4 шидэлтээ бүгдийг чулуу болгосноор 12:20 гэсэн үр дүнгээр эхний үе өндөрлөв. 2-р үед Б.Билгүүний идэвхтэй тоглолт, оролт, шидэлтүүд тун чамбай болж, самбардсан холын шидэлт нь багаа сэргээлээ. Мөн Т.Ууганбаярын хувийн ур чадвар шаардсан оноо түүлт, Б.Билгүүн-А.Азбаяр нарын гайхалтай хоршил оноог ахиулсаар 29:39-өөр эхний хагас дуусав. Тоглолтын сүүлийн үеүдэд багийн ахлагчийн хоёр ч удаагийн 3-ын шидэлт байндаа тусч, Уугаа ч өөртөө итгэлтэй тоглолтоороо сэтгэл зүй өндөртэй тоглогч гэдгээ харуулж чадав. М.Өлзий-Орших-Г.Ган-Эрдэнэ нарын ойлголцол, Н.Батбаяр, О.Эрдэнэцогтын нарын холын, А.Энхбаясгалангийн дундын шидэлтийг ч бид харж амжсан. Тоглолтын эцсийн үр дүн 49:80. Статистик үзүүлэлт харахад их хол тасарчихсан зүйл алга. Бидэнд юу дутагдаж байна? Төвийн байрлалд яах аргагүй томоос том орон зай үгүйлэгдэж байгааг Кадрын маш ачаалалтай тоглолтоос бэлэхнээ харцгаасан. Хоёр метрээс дээш өндөртэй 8 тоглогчийн өөдөөс боломж, бололцоогоороо л тоглоцгоолоо. Дээр нь цэвэр шидэгч нэн хэрэгцээтэй байсаар. Мөн холбон тоглогчийн үүрэг чухлаас чухал хэвээр. Олон жилийн хур түүхтэй багийн бүх зүйлтэй өөрийн баг тамирчдаа бүх талаар харьцуулах ямар ч боломжгүйг ч бид ойлгох ёстой. Монголын сагсан бөмбөгийн спортын нэн шинэ түүх дөнгөж л эхэлж байна. Хүлээцтэй байж, багаа тултал дэмжих нь бидний эрхэм үүрэг билээ.
БНХАУ-МОНГОЛ. Тоглолтын тойм
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг