Дэрэнчүүд талбайн баруун жигүүрт цэлийтэл нээгдсэн орон зайг чадварлаг ашиглан бүтэн оноо авав

457018484_977576284167176_6061425561735792433_n

Дээд лиг. 2-р тойрог. Тоглолт-8. Дэрэн 3 : 2 Брера Илч. Эхний тойрогт хожсон, хожигдсон хоёр багууд энэ тойрогт таарав. Бусад 8 багуудын хувьд хожсон болон хожигдсон нь өөр хоорондоо тоглох хуваарьтай байв. Лигийн медальтнууд гарааныхаа бүрэлдэхүүнд 3 легионер гаргасан бол Илчүүд бүгдийг буюу 4 гадаад тоглогчоо гаргасан байна.

 

 

Тоглолт эхлэхийн өмнө надад нэг зүйл бодогдсоор. Дэрэнчүүд хүснэгтийн дээгүүр яваа багуудтай сайн тоглоод, доогуур бичигдсэн багуудад тэнцээний оноо, зарим үед бүхэл 3 оноо алдаад байдаг муу зуршилтай гэх үү дээ. Би өөрийн хөтөлдөг Тамирын цаг Talk show нэвтрүүлгийн ярилцлагадаа тус багийн ахлагч О.Мөнх-Оргилоос энэ талаар асууж байсан санаанд оров.  Та бүхэн сонирхвол бичлэгийг үзээрэй. Тэд энэ алдаагаа давтах болов уу, засах болов уу?

 

Нэвтрүүлэг үзэх. 1:23:00 минут дээр тухайн яриа бий.

 

Тоглолт эхэллээ. Тоглолтын 14 дэх миутанд Брерагийнхан талбайн төвөөс зүүн жигүүр рүү довтолгооноо их л хөнгөхөн үргэлжлүүлсээр эцэст нь #11 А.Содмөнх гоолдлоо. Үзүүрийн довлогчийн ганц даралт, хурдтай гүйлтийг тэд зогсоож чадсангүй. Ингээд нөгөөх л дээр бичсэн бодол бодогдсоор.

 

 

Тоглолтын 1-р үеийн төгсгөл ч ойртлоо. Нэг баг нь дахин бөмбөг оруулах гэж, нөгөөх баг нь тоог тэнцүүлэх гэж улайран зүтгэцгээсээр. Яг 39 дэх минутанд Брерагийн #8 Саито Ато өөрийн талбайгаас бөмбөгийг хүлээж аван, ур чадвараараа бүтэн талбайг зовлонгүй туулж, дунд нь нэг дамжуулаад, дараа нь буцааж өгсөн гоёхон дамжуулалтыг чулуу болгов. Түүнийг 16-гийн талбайд унагасан гэж үзэн талбайн шүүгч торгуулийн цохилт заалаа. 41 дэх минутанд тэрээр тоог 2:0 болгон холдуулав. Дэрэнгийн хаалгач С.Батмагнай цохилтыг зөв таасан ч бага зэрэг хоцорч үсэрлээ.

 

 

Одоо л тоог ойртуулахгүй бол… гэсэн бодол хожигдож яваа багийнханд мэдээж байгаа. Тэдний давшилт, дайралтууд ихэд идэвхжив. Үеийн цаг дуусахтай зэрэгцэн хамгаалагч #3 Б.Ууганбат хаалтай цохилтоос гоолдох шахав. Бас л гоё цохилт. Удалгүй шүүгчийн мэдлийн 45+2 минутанд багийн ахлагчийн мөргөж тасалсан дамжуулалт 3 тоглогчийн комбинаци, хувилбар болон явсаар довтлогч #23 Э.Эрхэмбаяр тоог ойртуулж чадлаа. Маш чухал бөмбөг!

 

 

Шийдвэрлэх 2-р үеийн тоглолт сонирхолтой өрнөх нь бүүр ч ойлгомжтой болж ирэв. Аль баг нь бөмбөг нэмж оруулах бол? Илчүүд нэмж цучил нэмбэл тоглолт тэдний талд шийдэгдэнэ. Харин Дэрэнчүүд мотороо унтраахгүй зүтгэцгээвэл давааны дунд хэсэгт амжилтанд хүрнэ. Урагшаа хойшоо квадрат дамжуулалтууд явагдсаар. Брерачүүд дамжуулалтын нэг хальт тасалсан ч эсрэг баг баруун жигүүрт давхар цохилт хийн, тэр нь явсаар тоглолтын 77 дох минутанд #24 Н.Ананд хүнд байдлаас эвгүй цохилтоор багтаа тэнцээний гоолыг авчрав. 82 дох минутанд хамгаалагч #12 О.Мөнх-Оргилын алсын дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч тогтоож чадсангүй ардаа ойлгосноор талбайн баруун жигүүрт томоос том орон зай цэлийтэл нээгдэж, хөндлөн дамжуулсан бөмбөгийг Япон довтлогч #11 Фүнами Ютаро эхлээд тогтоох гэж ойлгон алдах шахсан ч дараагийн удаад алдаагаа засан гоолдов.

 

 

Энэ улирлын үзүүштэй нэгэн тоглолт ийнхүү өндөрлөж, дээд лигийн мөнгө, хүрэл медальтнууд багагүй хүнд байдлаас эргэн ирэлтийг утгаар нь хийснээр хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

 

 

Бүтэн тоглолтын бичлэг

 

Тоглолтын гэрэл зургууд өмнөх жилүүдийг бодвол эрс сайжирсан нь сайшаалтай. Мэргэжлийн зурагчны гоё кадруудыг сонирхон үзэцгээнэ үү.

 

Тоглолтын хамгийн гоё, онцлох гэрэл зураг. Тоглолтыг хүүхэд залуус, тэр дундаа охид бүсгүйчүүд, ээжүүд олноороо үзэж байгааг харах сайхан байлаа. Тэд хүүгийнхээ, ачийнхаа, ахынхаа, дүүгийнхээ, найзынхаа тоглолтыг шимтэн сонирхоцгоосон. Холбоо нь олигтойхон менежменттэй бол хол явахаар. Даанч удирдлагууд нь гэж толгой нь олгой болчихсон нөхдүүд. Хэдэн ч жил энэ талаар бичив дээ. Ямар ч гэсэн салхи эргэж, цаг өөр болох биз.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

 

Эх сурвалж : Mongolian Premier League