429476888_448400420855204_5764103515038164805_n

Үндэсний шигшээ багийнхан Хятадын шигшээ багтай тоглож дуусангуутаа ачаа тээшээ баглан, онгоцны буудал руу хурдалж, тэр шөнөдөө эх нутагтаа нисч ирцгээсэн. Өрсөлдөгч Гуамын шигшээ баг ч ирэнгүүтээ UG Аренад бэлтгэлдээ яаравчлан гарсан. МСБХ-ны пэйж дээрх бэлтгэлийн зургаас харахад Д.Дэлгэрням шигшээ багийнхаа бэлтгэлд иржээ. Харин Т.Санчир харагдсангүй. Төвийн байрлалд Дэк хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гол нь тэр багийнхаа залуусыг дэмжихээр ирсэн үү? Аль эсвэл Гуамын эсрэг тоглолтонд тоглохоор болсон уу? Албан бус мэдээллээр Грек мэргэжилтэн 3х3 төрлийн тамирчдыг шигшээ багт тоглуулахгүй гэсэн сураг сонсогдсон. Олимпийн эрхийн тэмцээн тулсан үед энэ нь зөв ч байж болох талтай. Т.Санчирыг шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүйд олон мянган сагсан бөмбөг сонирхогчид сошиал орчинд байр сууриа одоо ч илэрхийлсээр байгаа. Тэгвэл Д.Дэлгэрням, Т.Санчир болон бусад тоглогчдыг Гуамын багийн эсрэг тоглуулах боломж манай багт бий юу? БНХАУ, Гуамын багтай тоглоход заавал нэг л мэдүүлгээр тоглуулах ёстой уу? Бүүр цаашлаад 11-р сарын тоглолтуудад энэ мэдүүлэг хамаатай юу? Эсвэл бүрэлдэхүүнийг өөрчилж болох уу? Холбооны удирдлагууд энэ талаар байр сууриа илэрхийлэлгүй таг чиг байсаар. Хэзээ ам нээж, олон нийтэд мэдээлэл өгөх вэ? Хаалттай хаалганы цаадах мэдээлэл тийм их нууц уу?! Спорт сонирхогчид, олон нийтийг талцуулахгүйгээр мэдээлчихэд юу нь болохгүй байна? Албан ёсны мэдээлэл өгөхгүй бол бид таамаглаад, таагаад, талцаад л байж байхаас. Аль эсвэл цагийг нь дөхүүлж байгаад гэнэтийн мэдээллээр үзэгчид, өрсөлдөгч багтаа бэлэг барих гээд байна уу?