Залуу нас аагласан хагас шигшээ тоглолтын үр дүнд хоёр Луке шигшээд үлдлээ

416128017_18409007545049974_892094467825613467_n

PDC ДАШТ-ий 15 дах өдрийн хагас шигшээ тоглолтууд дуулиан шуугиантайхан, хурд хүч, залуу насны цог золбоо дунд өрнөлөө. Дэлхийн аварга Роб Кросс нутгийнхаа шинэ одыг дагуулсаар гарч ирэв. Хорхой хүрээд энэ тоглолтыг бүтэн тоймломоор санагдлаа.

 

Эхний сетийн лег-2. Литтлер 170-аас 60+60 гээд 3 дах сум 16-д ороод зогсов. Дараагийн ээлжиндээ 14+0+20 гээд гараад явчихав. Энэ залуу харин ч нэг дураараа шидэж, дунд чөмгөөрөө жиргэдэг дээ. Лег-4 дээр Роб 54-өөс 14+20+10 гэж алдсаныг нь Луке 76-гаас 20+16+40 хувилбараар тэр дор нь хариуг нь өглөө. Гэхдээ эхний сетийг аварга авч чадсан.

 

2-р сетийн лег-5. Литтлер 74-өөс 54+20 гэж 2 сумаар дуусгаад, сетийг 1:1 болгож тэнцүүллээ. Тэрээр 3-р сетийн эхний легт сектор алдсан ч дор нь засаад, хожлоо авав. Энэ үед 2 тамирчин дундаж оноо 100-105. Лег-2 дээр өсвөрийн шидэгчийн бүүр аймаар гарааг бид харцгаасан. 142-оос 51+51+40 шүү. Ёстой дураараа, зоргоороо наадах юм даа энэ хүү. “Александра” палас ч тэр аяараа цэнгэлийн далайд умбах нь тэр.

 

3-р сетийн 4 дэх лег дээр хэн хэн нь захаа онолгүй жаал будилсны эцэст залуу нас нь дийлж, сетийн харьцааг 2:1 болгоодохлоо.

 

4-р сетийн лег-3. Кросс 126-гаас 19+57 гээд сүүлийн сум 8-д буув. Луке 149-өөс 60+57+32 гээд л аваад заллаа, заллаа. Мөн ч торгон мэдрэмж дээрээ байна даа. Гайхалтай! Аваргын царай баргар баргар. Өөр яалтай билээ. Өрвийсөн шар золиг гэнэт том тайзнаа гарч ирээд, өм цөм буулгаад эхлэх хэцүү хэцүү. Энэ үед зах дээр Литтлер 10/16 63%-тай, Кросс 8/23 35%-тай гэж байгаа. Лег-5 үнэн ганган эхэллээ. Роб ээлжит 180 оноогоо авч бага ч болов сэргэлт авав. Араас нь Луке хариуг нь барив. Зөрүүлээд 180! Хариуд нь 140. Эцэст нь нөгөөх л шинэ аянга захаа оносноор сетийн харьцаа 3:1. Энэ сетийн дундаж оноогоор 112-114. Аварга ялимгүй тэргүүлсэн хэвээр.

 

Литтлер 5-р сетийн эхний легийн төгсгөлд 180 оноо аваад, залгуулаад, 83-аас 51+0+32 гэж хожил авлаа. Тэр дараагийн сетийн 2 дох лег дээр зах алдаж алдаа гаргаж байна шүү. Ямар робот биш дээ. Удалгүй Кросс ахын зангаргаа харуулж, 138-аас 54+54+30 гэж гялалзав. Залуу өрсөлдөгч энэ үед самбар руу биш хажуу тийшээгээ харж зогсоод, өөрөө өөрийгөө хурцалж байнаа. Гоё л дүр зураг. 5-р сетийн лег-4. Зах дээр хоёулаа хөглөлөө, хөглөлөө. Хааяа байх асуудал. Лег-5 дээр Луке зах алдан, ах өрсөлдөгчдөө 2 дох хожлыг нь бэлэглэв.

 

7-р сетийн лег-3. Залуу шидэгч маань 36-гаас зах руу шидэлгүй 16+20 гэж гараа хийлээ. 10-ын зах бидний нэрлэдгээр цайны зах нь бололтой. Олон ч удаа иймэрхүү хувилбаруудыг харуулав. Өөртөө асар их итгэлтэй байгаагийн шинж л дээ. 7-р сетийн дараа 5 дах хожлоо авмагцаа нэг хуруугаа гозойлгоод, ганцхан хожил хэрэгтэй гэдгээ илэрхийлсээр амралтын өрөө рүүгээ алхлаа.

 

8-р сетийн лег-1. Кросс 54х3 шидсэн бол Литтлер солиотой, бас гоёмсог гараа толилуулах нь тэр. 50+50+32!!! Үзэгчид бол жинхэнээсээ жаргаж байнөө. Лег-4 дээр аварга легийн харьцааг 2:2 болгож, амьтайгаа үлдэв. Шийдвэрлэх 5 дах легт Луке 80-аас 60+10 хувилбарыг төгс гүйцэтгэн, Дэлхийн томчуудын том тайзан дээр том дуугарсаар шигшээд шалгарлаа. Ёстой л дартсын спортын “АЛТАН ЖААЛ” юм даа чи! Дундаж оноо 106,05 шүү. Өөр бичих зүйл юм үнэндээ алга.

 

Хагас шигшээгийн 2 дох тоглолт бас л пижигнээд явчихсан. Л.Хампрьес 6:0 гэсэн хуурай хожил авснаар Дэлхийн чансааг тэргүүлээд эхэлсэн сайхан мэдээтэй. Спортын шат ахих зарчмаар бол арай нас ахимаг нь түрүүлэхээр. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэг шиг сумны онч ч бас өөр л дөө. Ёндоо нь байвал 16 настай хүүд ч аваргын цомыг өргөх боломж бий. Аль Лукег түрүүлэхийг маргааш үүрээр дэлхий нийтээрээ харцгаах нь дээ.