437530024_747490037373388_352175808772383698_n
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат, өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн туяа”ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн жигүүр” ХХК, Булган Хангайн хөгжлийн төлөө сан, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Архангай аймгийн Их Тамир сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Түмэн шувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д. Төрбаяр нар шалгарсан бол дунд шөвөгт аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн заан С.Доржпалам нар үлдсэн байна.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын харцага Л.Пүрэвжавт МҮБХ болон нутгийн олон, ах дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа. Тэрээр “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Мягмаржавд гардуулан, барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүр бөхийг 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдийг тус бүр 2 сая төгрөгөөр байлсан юм.
Ирэх 7 хоног тулс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн гурван барилдаан дараалан болох хуваарьтай. 4-р сарын 26 нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит, 27 нд Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан, 28 нд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харъяат, “Гандангийн бүрхэг” хэмээх улсын арслан Гунгаагийн Намжилваанчигийн нэрэмжит барилдаанаар тус тус болно.