Испани, Хорват, Италийн багууд үхлийн хэсэгт үзэх сэхэхээ үзнэ

407435074_891853162307080_1022841141967620554_n

Ирэх жилийн зун Герман Улсад болох Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтнд тоглох багуудын сугалаа болж, 24 шилдэг баг/Одоогоор плэй-оффоос шалгарах 3 багийн нэр тодроогүй байгаа/ 6 хэсэгт хуваарилагдав. Хөл бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг “Үхлийн хэсэг”-т ямар багууд оров? Энэ удаад B хэсгийг тэгэж нэрлэж болохоор байна. Дэлхийн, Европын аварга Испани, дэлхийн аваргын хошой медальт Хорват, дэлхий, тивийн аварга Италичууд нэг хэсэгт чихцэлдэн оржээ. Дээр нь урьдчилсан хэсгээс гарахдаа Левагийн цагаан Польшуудыг мулталж, тивийн аварга Чехийн өмнө гишгэж чадсан Албанийн баг нэмэгдэв. Юу л болдог бол доо. Хэсгээсээ 3 баг гарлаа гэхэд аль баг нь гэр рүүгээ эхэлж буцах бол? Италийн баг эхлээд Албанитай тоглоно. Эндээс л бүгд эхэлнэ дээ. А хэсгээс талбайн эзэн, дэлхий, тивийн олон удаагийн аваргууд машиныхаа хурдаар хэсгээ торолгүй тэргүүлэх биз. Тэдний залгамж халаа болсон U17 насны бацаанууд нь сая дэлхийн аварга болсныг  бас дуулгая. Өнгөтэй байгаа Унгар-Шотландын багууд дэд байрын төлөө өрсөлдөх магадлалтай. С хэсгээс хөл бөмбөгийн эх орныхон ямар ч гэсэн гарах нь байх. D хэсэгт дэлхий, Европын аварга Франц, тивийн аварга Нидерландтай гал ус харшуулна. Австричууд Венийн вальсаа эргээд хэн нэгнээс нь оноо салгаж чадвал тэдэнд боломж бий. Е хэсэгт Бельгийн багийн тавагтай хоолыг хэн бэлдсэнийг бүү мэд. Амт гэж ванлий, ванлий. Зууш нь хүртэл олон янз юм. F хэсэгт Рональдугийн салаа цэрэг давшилтын тэргүүн эгнээнд жагсахаар харагдана. Ингээд та бүхэн урьдчилсан хэсгийн тоглолтын шилдгүүд, шигшээ тэмцээний оноолт, хэсгийн эхний тоглолтуудын хуваарьтай танилцан, сугалааны ёслолын гэрэл зургуудаас сонирхоорой.

Тоглолтууд болох хотууд  Бичлэг үзэх  

ЕАШТ-ий цом  Бичлэг үзэх