Их мастер Б.Мөнгөнтуул гурав, дөрөвдүгээр тавилд идэж уулаа

396467059_3540376722892751_4509463577379337012_n
Дэлхий хэмээх гаригийн шилэгдмэл шатарчдын шимтэйхэн тулаан “FIDE GRAND SWISS-2023” замынхаа 1/3 туулаад байна. Оосор бүчгүй орчлонд омгорхож , долоон бурханы доор домгорхож гайхуулдаг, морин туурайнд цэцэг нь бүтэн үлддэг, Монгол сайхан орны мандах бадрахын билэгдэлт алтан соёмбот далбаа маань Атлантын далайн хөвөөнөө Английн хойморт залранхан байнаа. Ганц мод гал болдоггүй ч ганц дайчин бол ганцаарддаггүйн байна. Их Британид эх орноо төлөөлөн эр бяр, эрхий мэргэнээ сорьж яваа Батхуягийн Мөнгөнтуул 4 тавилын дараа 3 хожилтой 50 шатарчнаас 6-р байранд толгойн эгнээд давхиж байгаа үзэгдэхийн. Эхний 2 өрөгтөө хонины морь шиг номхон байж оноо хуваасан Мөнгөө гурав, дөрөвдүгээр өрөгт Эрдэнэчулууны шарга азарга лугаа хамар амаа тачигнуулан, дэл сүүлээ намруулан үүдэн хоймрын зайтай түрүүлж, өрсөлдөгч нь зөвхөн туурайных нь тоосыг хараад хоцорлоо. 3-р тавилд цагаан өнгөөр Армяны хашир чоно, дэлхийн номер 44 GM Элина Даниеланы эсрэг шугам зургийн хичээл орж b файл, 7-р шугамын ашиглалтыг 5D-гээр харуулсан бол өчдөр 4-р тойрогт Энэтхэгийн номер 2 дэлхийн чансааны 13-т бичигдэж буй GM Харикагийн эсрэг хар өнгөөр Мөнгөнтуулын дэглэлт “Жалам хар” бүжиглэж, Славян хамгаалалтаар яаж сөрөг довтолгоо хийдгийг яруухан харууллаа. “Ковид 19” новшийн дараагаас чансаагаа хүний юманд хүрзээ гамин шиг үрэн таран хийж унагаасан их мастер Б.Мөнгөнтуулын хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг хонгодож дайраад цацаад шиддэг, барьцгүй хавсраад, баруун тонгордог унаган мэхнүүд нь ганц үг газар гээлгүй олдог тактикийн скилл, саргүй шөнө төөрнө гэж гонж стратегийн ухаан нь хаачих вэ дээ. Өнөөдөр 5-р тавилд түүнийг дэлхийн экс аварга, клаб орвол бүжиглэчинэ, караоке орвол дуулчдаг, машин байвал барьчина, мал байвал туучина, зуу татвал татчидаг, Болгарын шатрын “Загалмайлсан эх” Антонета Стефанова хоймрын 4-р ширээнд хамаг мэддэг маань мэгзэмээ уншаад хүлээж байна.