Лале дасгалжуулагч ажлаа өгсөн үү? Аль эсвэл…
Лигийн тэмцээний энэ улирлын плэй-оффын хагас шигшээд шалгаран тоглолтоо хийж байгаа IHC Апес багийн ерөнхий дасгалжуулагч Лале Горунович өөрийн нүүр номоороо дамжуулан нэгэн гэнэтийн мэдэгдлийг шөнийн 03:00 цагт хийжээ. Тэрээр “2023-2024 оны улирал манай клубын түүхэн дэх хамгийн сайн үр дүнд хүрч өндөрлөлөө! Хамтран ажилласан клубын удирдлага болон тамирчид, ялангуяа эхний тоглолтоос хойш өнөөдрийг хүртэл бидний амжилтын эрч хүч болон үргэлж дэмжсээр ирсэн клубын агуу хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье! Одоо шинэ сорилтын цаг болжээ… “гэжээ. Ерөнхий утгаар нь харахаар Серби мэргэжилтэн ажлаа өгсөн гэж харагдахаар. Хэрэв тийм бол яагаад яг ийм хариуцлагатай үед гэнэтийн шийдвэр гаргав. Сүүлийн өгүүлбэрийг нь уншихаар түүний баг эргэн ирэлт хийх боломжтой гэдэг санаа цухалзах. Аль эсвэл энэхүү мэдэгдэл нь баг тамирчдаа сэргээх гэсэн дасгалжуулагчийн тактик уу? Сагсан бөмбөгийн түүхэнд 1:3-аас эргэн ирэлт хийсэн түүх NBA-д ч, манай лигт ч мэдээж бий. Боломжгүй зүйл огт биш. Үйл явдал хэрхэн, яаж өрнөхийг бид харах л үлдлээ. IHC Апес-Бишрэлт Металл багуудын 5 дах тоглолт өнөөдөр UG Аренад явагдана.
Спортын сэтгүүлч Н.Тамир
“Тамирын цаг” нэвтрүүлэг. Зочин : IHC Апес багийн ахлагч М.Өлзий-Орших дасгалжуулагчийнхаа талаар юу гэж ярьж байсныг сонирхон үзээрэй.