Монголын хөл бөмбөгч Д.Төрбат, А.Дөлгөөн нар гоолдсон ч манай баг нийлбэр дүнгээр ялагдал хүлээв

458496523_2907461949407061_6790851273687112743_n

Азийн цом-2027. Урьдчилсан плэй-оффын хариу тоглолт. МОНГОЛ-Зүүн ТИМОР. Эхний тоглолтонд Тиморчууд 4:1-ийн харьцаагаар хожил авсан. Шигшээ багийн залуус маань доод тал нь 3 гоолын илүүгээр хожих хатуу даалгавартай талбайд гарав. Энэ удаад ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай 3+5+1 гэсэн тактикаар тоглуулахаар талбайн том зургаа зуржээ.

 

 

Гэрэл зургийг МХБХ-ны пэйж хуудаснаас

 

 

Тоглолт эхэлж, талбайн зочин баг бөмбөгийг тоглолтонд оруулав. Өөрийн талбайд, хөгжөөн дэмжмгчдийнхээ уухай түрлэгээр дэмжлэг хийн тоглох хамгаас чухал байдаг. Тоглолтын 8 дах минутанд #5 Андерсен Филип Чинзоригийн булангийн цохилтыг хамгаалагч #3 Дагинаагийн Төрбат гозойтол мөргөснөөр тоглолтын гоолын салхийг хагалж, тооны ерөнхий харьцааг 4:2 болгож ойртуулав. Энэ байдлаараа бол булангийн цохилтоос манайхан илүүрхэх дүр зураг тордоод эхлэв. Манай багт дахиад 2 гоол зайлшгүй хэрэгтэй.

 

Д.Төрбат эхний гоол

 

 

Энэхүү гоолын дараагаас магадгүй шигшээ багийнхан бага зэрэг тайвширсан уу гэлтэй айлын багийн бөмбөг эзэмшилт, довтолгоо илт сэргээд эхэлсэн. Тэд бөмбөгийг маш зугуухнаар удаан барьж тоглож байлаа. 1-р үеийн яг төгсгөлд довтлогч #9 Оюунбаатарын Мижиддоржийн баруун хөлөөр хүчтэй цохисон бөмбөг хаалганы шонгоос маш ойрхон зайтай өнгөрөв. Дахиад хоёр ч довтолгоог манай багийнхан хийсэн. Эхний хагасын төгсгөл дажгүй дажгүй.

 

 

Тоглолтын 2-р үе хэмнэл нэгэн жигдхэн эхлээд явчихлаа. Сэлгээгээр #11 Ням-Осорын Наранболдын оронд #17 Амараагийн Дөлгөөн урд шугамд гарч ирсэн бол А.Филип Чинзоригийг сэлгээний суудалд үлдээжээ. Дасгалжуулагчдын багийн сонирхолтой л шийдвэр. Тоглолтын 55 дах минутанд манай багийн зүүн жигүүрийн довтолгоо идэвхтэй өрнөж, О.Мижиддоржийн хөндлөн дамжуулалтаар А.Дөлгөөн довтолгоог төгс дуусган, тоог 2:0 болгосон.    Бичлэг үзэх

 

 

Шийдвэрлэх үеийн төгсгөл рүү манайхан гоолоо нэмэх гэж, Тиморчууд нэмж хаалгандаа бөмбөг алдахгүй байх, чадвал ганц гоол хийчих гэж нэлээн зүтгэцгээв. Энэ үед О.Мижиддорж, #7 Г.Ганбаяр, #8 Б.Батмөнх, #4 Б.Бат-Оргил болон үеийн нэлээн сүүл рүү сэлгээгээр талбайд гарсан #19 Б.Мөнх-Эрдэнэ нар илүү идэвх санаачилгатай тоглолтыг үзүүлэв. Тоглолтын явцад хойд шугмын тоглогчид 2-3 удаа багтаа аюул дагуулсан алдаа гарагсныг ч энд дурьдсан нь зөв байх.  Үндсэн цагт аль аль баг нь нэмж бөмбөг оруулсангүй. Ингээд 2 тоглолтын нийлбэр дүнгээр Зүүн Тиморын баг 4:3-ын харьцаагаар тэмцээний үндсэн хэсэгт тоглох эрхээ авлаа. Ингэснээр манай шигшээ баг хэдийгээр ялсан ч, ялагдлын гашуун үнэнтэйгээ нүүр тулж, ирэх жил цөөн нөхөрсөг тоглолтоос өөр тоглолт хийх боломжгүй үлдэв. Энэ л хамгийн харамсалтай нь юм даа. Хөгжөөн дэмжигчид ч ойлгомжтой. Багаа тултал л дэмжицгээсэн.

 

 

 

Монголын хөл бөмбөг цаашдаа ямар бодлогоор, яаж хөгжих вэ? МХБХ-ны удирдлагын багт энэ спортыг шинэчлэх сэтгэлгээтэй хүмүүс хэр олон байгаа бол? Бодлогын түвшинд, үндэс сууриар нь нэг сайн өөрчилж авахгүй бол энэ янзаараа хол явахгүй л харагдах. Тоглолт бүрийн дараа хариуцлагаас зугатаасан маягтай “Манай багт сайхан туршлага боллоо. Өрсөлдөгч багт бразил, португал угшилтай айхтар тоглогчид байв. Дараагийн тоглолтонд чухам л будаа болгоод өгнө” гэсэн үг, өгүүлбэрээр аргацаасаар байх уу? Хожигдсон тоглолтынхоо тооны харьцаа, хэн хэн гоолдсоныг хүртэл хүний өөрийнгүй мэдээлэхгүй өнгөрнө. Ийм байдалтай хол явахаасаа өнгөрсөн шүү. Эхлээд холбооныхоо засаглалыг сайжруул. Ээлжит бус их хурлаа өргөтгөсөн хэлбэрээр зарла. Хөл бөмбөгийн талбайгүй аймгийн, хүүхдийн секц, сургалт явуулдаггүй клубүүдийн төлөөллийг гар өргүүлэх гэж их хуралдаа оруулдгаа болих хэрэгтэй. Хөл бөмбөгт сэтгэлтэй, чадалтай мэдлэгтэй зүтгэлтнүүд, ялангуяа өөрөөр сэтгэж чадах залуусаар багаа бүрдүүл. 27 жилийн туршид олон улсын холбоодоос авсан санхүүжилтээ ил болго! Ингэж чадсан цагт л Монголд хөл бөмбөгийн спорт зөв хөгжих эхлэл тавигдана. Дэлхийн хэмжээний энэ сайхан спортыг эх орондоо хөгжүүлэх боломж бололцоо нь хангалттай байхад саад тотгор, чөдөр тушаа болж байгаа спортод элэггүй, мөнгөний үнэр авсан этгээдүүд өөрсдөө яваад өгөөсэй билээ.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир