Монголын шигшээ баг Зүүн Тимортой эхний тоглолтоо хийнэ
2027 онд Саудын Арабын Хаант Улсад болох Азийн АШТ буюу Азийн цом/AFC Asian Cup-2027/-ын тэмцээний урьдчилсан шатны плэй-оффт оноолт таарсан Монгол-Зүүн Тиморын шигшээ багуудын эхний тоглолт дундын бүс буюу Индонезийн Бали аралд өнөөдөр тоглох хуваарьтай бол манай баг хариу тоглолтыг 9-р сарын 10 нд өөрийн цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай уг 2 тоглолтод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах 23 тоглогчийг дуудсан. Энэ шатанд хожсон тохиолдолд Ази тивийн шилдэг 24 улсын шигшээ багт багтаж, хэсэгт хуваарилагдах бөгөөд хэсгээс цааш шалгарсан тохиолдолд шигшээ шатанд оролцох эрхийг авах юм.
Тоглолтын өмнөх сэтгэгдлүүд :
Манай багийн бэлтгэлийн гэрэл зургаас
Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Баясгалангийн ГАРЬДМАГНАЙ саяхан томилогдсон. Нэгэн цаг үед хөл бөмбөгийн ногоон талбайд авъяас чадвараа гайхуулж явсан шилдэг хөл бөмбөгч тэрээр шигшээ багт 2003-2019 оны хооронд нийт 35 удаа “Талын хөх чононууд”-ын өмсгөлтэй талбайд гарч, багийн ахлагчаар тоглохдоо ДАШТ-ий 5 урьдчилсан шатанд оролцож байв. Дараа нь дасгалжуулагчийн замналаа Deren FC клубээс эхлүүлэн, “Атлетик 220” клубыг удирдаж, 2020, 2021 оны дээд лигийн аваргаар тодорч байсан. Б.Гарьдмагнай нь өнгөрсөн онд Катар улсад AFC-гийн “Про” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг амжилттай дүүргэснээр манай улсын анхны Про зэрэглэлийн дасгалжуулагч болж чадсан билээ. Эхний томоохон сорилттойгоо нүүр тулах өдөр айсуй. Б.Гарьдмагнай дасгалжуулагчаар удирдуулсан Монголын шигшээ багтаа амжилт хүсье.