Монгол залуусын мөрөөдөл болсон Солонгост нэг удаа. Сэтгүүлчийн тэмдэглэл-1

image_67206145

1. Виз гарах, хилийн шалганаар нэвтрэх нь азын сугалаа хожихтой агаар нэг

 

Найзууд маань Солонгост 10-аад жил ажиллаж амьдраад эх орондоо буцаж ирсэн. Хүний нутагт хар ажил хийж, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө 2 өрөө байр авч, өөрсдийн хувийн бизнесээ ч эхлүүлсэн. Сурсан мэдсэн, олж авсан туршлага, ур чадвар, хичээнгүй хөдөлмөрлөснийх нь үр шим нь өнөөдрийн амжилттай амьдралынх нь нэг учир шалтгаан, тиймдээ ч солонгос улс, ард түмэнд нь талархалтай явдгийг нь би мэднэ.

Харин хүү минь Солонгос улсад суралцахаар яваад 3 жил болж байна. Хэлний бэлтгэлээ нэг жилийн хугацаанд дүүргэж, нэр хүндтэй их сургуульд элсэн ороод олон олон монгол оюутнуудын жишгээр ажиллаж, амьдарч явна. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, сургалтын төлбөр, амьжиргааны зардал, хоол унд, унаа тээвэр, даатгал, байрны түрээсээ бүгдийг нь өөрөө төлөөд, ер дажгүй, овоо шүү миний хүү.

Монгол залуусын мөрөөдөл болоод байгаа Солонгос улс. Очихыг, сурахыг, эмчлүүлэхийг, аялахыг, ажиллахыг хүсэх монголчууд улам олшрох тусам тойрсон олон асуудлууд, хэрэгцээнээс нь үүдэн гарсан тоймгүй олон сургалтын, зуучлалын төвүүд, виз мэдүүлэх газрууд, зарим ашиг хонжоо хайгчид ч зах зээлийн жамаараа улам л хүрээгээ тэлсээр. Үнэндээ хүүгээ сурахаар яваагүй бол Солонгос улсыг тийм ч их сонирхох, анхаарах сэдэл төрөхгүй л байсан байх. Урьд нь хоёр ч удаа очоод ирэхдээ ч төдий л ач холбогдол өгөөгүй л ирсэн санагдана. Гэтэл одоо “усыг нь уувал ёсыг нь дага” гэж… байгаль цаг уур, хоол унд, ахуй соёл, эдийн засаг гээд ер хэрэг болох бүхнийг л нүд, чих тавин анзаарч байна.

Өнгөрсөн жил хүү дээрээ очихоор аялалын виз мэдүүлэв. 50 шахам хоног хүлээсний эцэст визээ ч авлаа. Онгоцны тийзний үнэ хоёр талдаа 2 сая төгрөг. 30 хоног яваад ирэхээр төлөвлөж, Korean air-р нисэв.

 

 

Цөөхөн хоногоор, очих ирэх билетээ заавал бичүүлэхгүй бол хил дээр буцах эрсдэлтэй гэж эмээдэг хүмүүс их байдаг юм байна. Бас очих хаяг, тосох хүн, хэл ус их чухал гэнэ. Явахаасаа наана визний, солонгост байгаа монголчуудын, ажлын гээд баахан групп, пэйж хуудаст нэгдэж, мэдээ мэдээлэл авахын хамтаар хүмүүсийн пост комментуудаас багагүй зүйлийг ойлгож, мэдэж авав. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр баахан болох бүтэхгүй юм уншиж дуулсан хүн шалганаар орохдоо бас л эвгүйцдэг л юм билээ. Үнэхээр л хэд хэдэн хүмүүсийг нэвтрүүлэлгүй аваад явчихыг нь ч харав. Шалганы байцаагч эмэгтэй надаас асуулт асуухад нь би төвлөрч сонсож чадаагүй учраас “Хүү маань сурдаг, хүү дээрээ ирж байнаа” гэж англиар хэлээд асуудалгүй л яваад орчлоо.

Сүүлд ирснээс хойш 8 жилийн дараа дахин Солонгос улсад саатан зочлох учрал ерөөлтэй л байж. Хүү маань хичээл, ажилтай учир завгүй, олон хоновол бараг нэмэр болохоосоо нэрмээс болох ч юм шиг санагдах, хэд хоног сайхан амарч, зугааллаа. За тэгээд ажил хийж үзэх адын хүсэл минь хатгаастай. Цөөхөн хоног ч гэсэн заавал хар ажил хийж үзэх, хатуу хөтүүг нь зах зухаас нь ч болов биеэр мэдрэх, урамтай өндөр цалинг нь атгаж үзэх, хамгийн гол нь үзсэн харсанаа сийрүүлэн бичих, бусдад хуваалцах мэргэжлийн минь “өвчин” хөдлөөд горьгүй. Өөртөө ч “томилолт” өгөв. Ингэж миний солонгост 10 хоног ажиллахдаа амьдралдаа үзээгүй “адал явдалтай” учирсан өдөр хоногууд минь эхэлсэн юм.

 

2. Эхний ажилдаа гологдчихов уу яав

Ер нь бол ажил хийж үзнээ гээд шийдчихсэн байсан учир чемодандаа цагаан хэрэглэл, нимгэн хөнжил, аяга халбага, алчуур саван, муусайн хэдэн хувцасаа хийж аваад ажилд зуучилдаг газар очихоор өглөө эртээ гарав. “Хаалттай” буюу ажилд зуучилсныхаа төлөө хөлс авдаг хэд хэдэн самушил байрладаг Тэрим ёог дээр очлоо.

 

 

Дунд эргэм насны солонгос эрэгтэй: “Ямар ажил хийхийг хүсч байна”? Би: -7 хоногоор цалингаа өгдөг, байртай хоолтой, сар ажиллах боломжтой ажил сонирхож байна” -Манайхыг яаж мэдэж ирсэн бэ? Би-Жа-тай холбогдсон уу? гэж асуув. Би-Жа гэдэг монголчуудаа ажилд хаалттай зуучилдаг хараалгаж, ерөөлгүүлдэг залуугийн хамтарч ажилладаг самушилд санамсаргүйгээр ирсэн нь энэ байлаа. Утас цохиж, Би-Жа-тай ч яриулав. Сонирхолтой нь энэ залуу монголоосоо ажлаа хийдэг гэнэ. Янз бүрийн л ажил санал болгож байна. Сөүлээс их хол бол татгалзлаа. Мэдээж солонгос хэлгүй учир хэл ус шаардагдах ажилд нь тохирохгүй. За тэгээд ийш тийш ярьж, ярьж Gwangcheon-д байдаг нэг далайн байцааны үйлдвэрт ажиллахаар болов. Зогсоож байгаад утсаараа зураг авч байна, яаж байгаан гэсэн чинь ажиллах газар руу чинь явуулж байгаамаа гэнэ. Хэрэг хийцэн хүн шиг эвгүй гэж. Энд ажилд ороход нас, биеийн жинг их чухалчилна. Овор багатай бол насаа дарж хэлээрэй ч гэж зөвлөнө. Махлагдуу бол ажиллуулах дургүй талдаа. Хаалтын 100 мянган воноо бэлнээр өглөө. Ингээд хаягаа аваад гарлаа.

Цаг гаруй галт тэргээр явж, зорьсон газартаа хүрэв. Галт тэрэгний буудал дээр ажил олгогчид ирж авна гэсэн болохоор босон суун хүлээгээд л байлаа. Бас нэг монгол эмэгтэй ирж, бид хоёулаа болов. Мөн л хоёр охин нь солонгост сурдаг, намайг бодвол буудал, шат цэвэрлэгээ хийж үзсэн туршлагатай, арай эгчмэд, бас Би-Жа-гаар зуучлуулсан гэнэ. Галт тэрэгнээс буугаад 5-6 цаг хүлээж суусны эцэст хоёр залуувтар эр машинтай ирж авав. Бараг зэрэгцээд шахам залуухан вьетнам бүсгүй дөнгөж сая хөдөлсөн галт тэрэгнээс буусан болтой гарч ирж бид гурвуул болсон нь удаан хүлээлгэсний шалтгаан болж таарав. Жолооч нь жоохон саажилттай юм уу гэмээр машин барих нь айдас төрүүлнэ. 30-аад минут яваад үйлдвэр дээрээ ирлээ. Машинд тээшээ үлдээгээд гутлаа тайлаад хоёр давхар руу шатаар өгсөж гарав. Нөгөө хоёр залуу бид хоёрыг бичиг баримтаа үзүүлэхийг хүсэв. Би ч туршлагагүй, санаагүй ч юм уу гадаад паспортын зургаа утаснаасаа харуулж орхив. Хамт ирсэн эмэгтэй маань байхгүй ээ л гэчлээ. Нэг анкет бөглүүжийн. Нас, хүйс, биеийн өндөр, жин, гуталны хэмжээ гээд л бодвол ажлын хувцас энэ тэрийн л хэмжээнд хэрэг болдог байх даа л гэж бодлоо. Цайны цаг нь таарсан уу энд тэндгүй хувцас, ор дэвсгэр хөглөрсөн нэлээн том өрөө, янз бүрийн насны ажлын хувцастай ажихад орон орны бүсгүйчүүд кофе ууж нааш цааш холхилдон, хөөрөлдөнгөө, бид хоёрыг сонжиж харцгаан тэрүүхэндээ шивнэлдэнэ. За тэгээд л нөгөө залуус баахан юм хоорондоо ярилцаж байснаа вьетнам бүсгүйг үлдээгээд, бид хоёрыг машиндаа суулгаж аваад анх ирсэн газар минь буулгаад орхивоо гэж. Буцах билет авч өгсөөн яахав. За ингээд хайран нэг өдөр явдалд өнгөрч, нэг талын галт тэрэгний билетээрээ /10000 вон/ шатав. Ямартай ч бид хоёр насаараа ч юм уу солонгос хэлгүйдээ ч юм уу гологдчих шиг л боллоо. Ямар ч тайлбар байхгүй. Би-Жа тай холбогдоод хаалтын мөнгөө авья гэхэд өөр ажил хийх үү сетак байна гээд үгүй гэсэн мөнгийг маань буцаагаад шилжүүлчлээ. Хамт ирсэн эмэгтэй маань сетак /угаалга/ маш хүнд ажил битгий хийгээрэй гэж хэлсэн байснаас тэр үү, эсвэл энэ хүнд дахиж найдах аргагүйм байна гэж бодсон уу, ямартай ч татгалзчихлаа.

За хамгийн анхны бүтэлгүйтсэн хаалттай ажил маань энэ байлаа, хөөрхий. Гадаад паспортаа, хувийн мэдээллээ бусдад хамаагүй өгч болохгүй, насаа үнэн зөв хэлж болдоггүй энэ тэрийг мэдэж авсан би аятай тухтай галт тэргэнд бүүвэйлэгдэн буцаж явахдаа л дахин нэг ажил зуучлагч монгол эмэгтэйтэй чатаар холбогдоод маргааш өглөө нь хамт дараагийн ажилдаа явахаар тохирч амжсан байв.

 

3. Таалагдсан ч татгалзсан ажил

Өглөө 09.00 цагт Монгол таун дээр Тунгалаг бүсгүйтэй уулзахаар товлосон учир цагаасаа жаахан эрт ирээд хүлээв. Хажууханд хоёр монгол бүсгүй элдвийг ярилцах бөгөөд ажихад тус бүр тээшээ авсан, хамт явах хүмүүс болов уу гэсэн таамаг төрүүлнэ. Тунгалаг бүсгүйн зуучилсан ажил нь хөлдөөсөн хүнсний үйлдвэр, хаалтгүй гэсэн болохоор олзуурхсныг нуух юун. Удалгүй бүсгүй ч машинтайгаа ирж, бид гурвыг суулгаж аваад Пажу руу хөдлөлөө. Жолоог солонгос нөхөр нь мушгиж, хажууд нь бүсгүй жаахан хүүгээ тэвэрч суугаад, бид элдвийг ярьж хөөрсөөр зорьсон газартаа хоёр цаг орчим явж хүрэв. Тунгалаг нас залуухан, хүүхдээ харахын хажуугаар гэрээсээ онлайнаар ажил хийхээр шийдэж, энэ ажлыг дөнгөж хийж эхлээд байгаа гэнэ. Шавилхан биетэй, хөөрхөн царайтай, эелдэг найрсаг охин, харийн бэр болсон залуухан ээжийг ийм ажил хийж байгаад нь би дотроо харамсангуй байснаа нуух юун. Хэл ам, явдал суудал ихтэй энэ ажил түүнд яав ч тохирохгүй. Миний хүү, охиноос ялгаа юу байхав гэж эхийн сэтгэлээр дотроосоо өмөлзөж явлаа.

Машинаасаа бууцгааж, тав тухтай, тохилог дулаахан орон сууцны байранд ороод ирсэн нь бидний амьдрах газар. Гал тогооны хэсэгтэй, дотроо ариун цэврийн өрөөтэй. Ерөнхийдөө хөдөөдүү, бас Пажугийнхаа жоохон захдуу газар ирсэн болтой. Агаар нь сайхан, хүний хөлөөс зайдуу, машин тэрэг ч бараг үзэгдэхгүй. Удалгүй самушилын солонгос эмэгтэй орж ирэн бид гурваас бага сага зүйл асууж, анкет бөглүүлж, гэрээ маягийн зүйл үзэглэлээ. Гарын үсгээ зурсан болохоороо юмыг яаж мэдэх вэ гээд утсаараа зургийг нь дарав. Байрны түрээсэнд хүн бүрээс 100 мянган вон, ажлын зуучлалд мөн 100 мянган вон авна гээд /хаалттай болоотхов/, цалингаасаа суутгуулахаар тохиролцлоо. Орчуулж дууссан учраас Тунгалаг бүсгүй гадаа машинд хүлээх нөхөр, хүү рүүгээ яаран гарав. Үйлдвэр нь байрнаасаа жоохон зайтай ч алхаад хүрчих боломжтой, өглөө яваад очихоор болж бид ч товхинож эхлэв. Хамт ирсэн хоёр маань хөнжил гудасгүй ирсэн болохоор куртикээ хучиж унтахаар зэхэж, шалны халаалттай тулдаа даарч бээрсэнгүй л хонолоо. Хоорондоо танилцаж ч амжив. Насаар хоёул надаас нэлээд дүү, Г бүсгүй бага зэрэг солонгос хэлтэй, урьд нь хэд хэдэн удаа ирж ажил хийж үзсэн туршлагатай, харин З бүсгүй анх удаа ирсэн, бас хамгийн анхны ажил нь энэ гэнэ. Тэр багш мэргэжилтэй, хэрвээ боломжтой бол визээ эндээ сунгуулах, ангиллаа өөрчлүүлэх, бүр болохгүй бол харлаж үлдэх бодолтой, хүүхэдгүй, гэр бүлгүй, 30 гаран насны эмэгтэй. Зардлаа хэмнээд бас найдвартай гэж тооцоолон Бусанаар дамжиж Сөүлд ирсэн, ирээд нийтийн байранд нэг хоноод, өнөөдөр бидэнтэй нэгдсэн нь энэ.

Өглөө нь гурвуулаа төөрч будилж яваад, бага сага хэлтэй бүсгүй маань нөгөө солонгос эмэгтэйтэй утсаар ярьж, биднийг машинаар угтаж аваад үйлдвэртээ очлоо доо. Бүх л зүйл анхны бөгөөд шинэлэг. Алмайрч, ангайж, будилж үзсээн, ажлын өдөр хоногуудад. Нэлээн том үйлдвэр бололтой, ажлын өрөөнд уртаа том ширээ тойрон өөд өөдөөсөө харан суусан эмэгтэйчүүд. Бид гурваас гадна харь орны долоо найман залуухан бүсгүйчүүд хамтдаа ажлын зааварчилгаа авч, асуултанд хариулж хэсэг сууцгаав. Филиппинүүд гэнэ, хоёр нь солонгос хэлээр сайн ярьдаг болохоор төвөггүй ойлголцож байна. Хижээл насны солонгос эрэгтэй бүгдийнх нь хуруу хумсыг шалгаад хумсаа ав гээд хэд хэдэн хумсны хутга, бичгийн цаасны хамт тараав. Хумс хуруугаа будсан бол бүр их ажил болох байжээ, хүний ходоод руу ордог хүнсний үйлдвэр гэсэндээ өөр байна шүү гэж бодогдоно.

За ингээд хүн болсон цагаас хойш анх удаагаа үйлдвэрийн шат дамжлаган дээр ажиллаж үзэхээр ажилчдын хувцас солих өрөөнд оров. Хүн бүрт цоо шинэ хувцас, бээлий, малгай, амны хаалт, хормогч, усны гутал өгснийг нь зөвхөн нүүр харагдахаар битүү хувцаслаж аваад толинд харж амжив, дажгүй шүү, зохиж байна, зургаа ч дараатхалаа. Ариутгалын өрөөгөөр дамжин ажлын байран дээрээ ирлээ. Үйлдвэрийн дуу чимээ бол лут юмаа. Энд олон сар жилээр ажиллавал лав сонсголын асуудалтай болно. Үйлдвэрийн төхөөрөмжийн замаар урсан орж ирэх хөлдөөсөн мах /котлет/-ыг 50,50 ширхэгээр тоолж, савлах ажил.

 

 

Үнэхээр амаргүй байсаан. Хурууны өндөгнүүд бээрч, олон цаг зогсоход нуруу хөшиж өвдөөд, дуу чимээнд нь толгой дүйнгэтнэ. Савлаж амжихгүй бол ар араасаа овоороод ороод ирэх махнууд замаасаа гарч унах гэж сандаргаад. Үе үе цочтол хашгирч загинах эмэгтэйн дуу, хөлс гарч, ам цангана. 50 хүртэл тоолж савлаж байгаад алдчихвал, уутнаасаа буцаж асгаад дахиад тоолж хийнэ. Савласныг жинлэж үзээд дутуу юмуу илүү байвал буцаагаад шидчихнэ. Нэг ажлаа олон хийхийг хүсээгүй учир хариуцлагатай байхыг чармайна. Энэ өдөр хэдэн удаа тавь хүртэл тоолсон бол, тархи тоолохоос өөр зүйлд ажиллахгүй.

Ашгүй цайны цаг болж, анх удаа ажилчдын хоолны газар оров. Хоол амттай, маш цэвэрхэн орчинтой. Гэхдээ л орой болтол ажиллах учраас ажлын дундуур бие засахаас эмээж багахан идэж, уув. Солонгост байхдаа ажилласан үйлдвэрүүдээс хамгийн дэг журамтай, өндөр шаардлагатай, том бас цэвэрхэн үйлдвэр энэ байсаан. Амралтын өрөөнд хөлөө жийж газар суугаад, нуруу хөлний дасгал хийхээ аядав. Эргэн тойрон солонгос ажилтан эмэгтэйчүүд бидний тухай ярьж байгаа нь илт, бага сага хэл гадарлах бүсгүй маань биднийг муулж байна гэв. Эндэхийн үйлдвэрүүд ажилтнууддаа сүү их өгдөгийм билээ. Сүүгээ уунгаа утсаа жоохон маажиж амжив. Үдээс хойш цаг харьцангуй хурдан өнгөрч, ажлаа ч хурдан сурч, нэлээд туршлагажив. Ажил яг л цагтаа тарж, ядарсан гурав байрныхаа зүг алхацгаав. Миний хувьд лав ажлыг чин сэтгэлээсээ үнэхээр хичээж хийсэн, гэхдээ энд ажилладаг монголчууд ажлыг сайн ч биш муу ч биш хий гэж зөвлөдгийм билээ.

Нуруу тасрах нь ээ, за ер ингээд л өнгөрдөгийм байж, хамаг бие шархирч өвдөхүйеэ өөрийгөө ямар их хөдөлгөөний дутагдалд байснаа мэдрэх шиг л болов. Орой Тунгалаг бүсгүйтэй ярьж хамгийн гол зүйл болох цалингаа яаж авахаа лавлав. Бид сарын сүүлээр ажиллаж эхэлсэн болохоор дараа сард олгох цалингаасаа түрээс, зуучлалаа өгөөд гар дээр үлдэх юмгүй, 2 сарын дараа л мөнгөний бараа харах нь тодорхой болов. Чанга юм аа, би ч буцахаар шийдэв. Цөөхөн хоногоор ирсэн надад тохиромжгүй, ажиллалаа гэхэд монголд буцсаныхаа дараа цалингаа олж авч чадах нь эргэлзээтэй. Бид гурав буцахаар шийдэв, өнөөдөр ажилласан мөнгө олгохгүй л гэнэ. Хол газар хүний машинд сууж хүргүүлж ирсэн, ажил хийнэ гээд төвөг удчихав уу даа гээд бид ч цалингаа авмаар байна энэ тэр гэсэнгүй. Маргааш өглөө нь Пажугаас метрогоор Сөүлд ирснээр бид гурвын зам салав. Хоёр бүсгүй маань Мөнгөө гэх ажилд зуучилдаг эмэгтэйтэй холбогдож, хамтдаа хөдөө шигданд зөөгч, угаагч хийхээр тохироод явлаа. Надад бас утсыг нь өгөөд ажил асуугаад үзээрэй гэж зөвлөлөө. Хоёр дахь ажил маань ямар ч үнэ хөлсгүйгээр хөлсөө дуслуулан байж нэг өдөр ажилласан хөлдөөсөн хүнсний үйлдвэр байлаа.

 

Үргэлжлэл бий…