Сумын заан А.Мягмарсүрэн торолгүй түрүүлэв
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяат, “Увс нуур” дэвжээний бөх, сумын заан Амарсанаагийн Мягмарсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харъяат, “Завхан” дэвжээний бөх, сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв. Гуравт энэхүү барилдааны 10-р сарын түрүү бөх Хэнтий аймгийн Галшар сумын харъяат, “Шинэ Анагаах Ухаан” их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Д.Цэрэнням шалгарсан бол тавд Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Ё.Гантулга, Увс аймгийн Хяргас сумын харъяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын наадмын 2 түрүүтэй заан Х.Бумбаяр нар шалгарлаа. Шөвгийн есөд Увсын сумын заан А.Баянмөнх, Өвөрхангайн сумын заан Б.Энх-Оргил, Ховдын сумын заан Г.Батзориг, Өвөрхангайн сумын заан С.Өсөхбаяр нар үлджээ. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан”-ы шагналыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Дэмүүлийн Саранцогтод, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Говь-Алтай аймгийн Халиун сумын заан Мөнхбаатарын Өсөх-Ирээдүйд тус тус олголоо. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулав. Дараагийн барилдаан 11-р сарын 26-нд Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.