420107010_388706157008198_7900110562871341632_n

Лигийн тэмцээний 2-р тойргийн тоглолт. Дархан Юнайтед 93:81 IHC Апес  Тоглолтын тойм үзэх

Апесчууд эхний тойргийн тоглолтонд ганцхан хожигдолтой явахдаа Дарханы багт ялагдал хүлээж байсан гашуун түүх саяхных. Энэ тоглолтын өмнө өнгөрсөн жилийн аваргууд Завханы залууст 20 оноогоор тоосоо гөвүүлснээр  хүснэгтийн эхэнд нэр нь бичигдэх болсон бичнүүд сэтгэл зүй өөдрөг, нөгөө талаар дахин ялагдаж болохгүй гэсэн дотоод мөн чанар хадгалаатай байсан нь ойлгомжтой. Тоглолтын эхлэлийг ногоон өмсгөлтөнгүүт давгүй тавьснаар эхний хагаст тэд 12 оноогоор илүүрхэв. Харин 3-р үед манлайлагчид 17 оноо авсан бол өрсөлдөгч багийнхан 24 оноо цуглуулснаар оноог 5 онооны зөрүүтэй болгосноор тэргүүлэгчдийн байр суурь ганхаж эхэллээ. Шийдвэрлэх 4-р үед энэ байдал хэвээр үргэлжлэн, Юнайтедчууд 31 оноогоор бэлэг барьж, эцэст нь найрамдлын хотынхон ” Найрамдал-Дружба” хэмээн гар барьснаар ялалтаа тэмдэглэхээр хувцас солих өрөө рүүгээ явцгаав. Апес багийнхан яагаад нэг багт 2 тойрог дараалан ялагдал хүлээв? Гарааны бүрэлдэхүүндээ хэтэрхий найдсан, сэлгээний тамирчдаа бага ашиглаж тоглов. Багийн ахлагчийн холын шидэлтүүд унаж өгсөнгүй. Есөөс ганцхан нь бүүр сүүлд орж байгаа харагдсан. Дээр нь бөмбөг алдалт их байлаа. Тоглолтын төгсгөлд цаг дуусах дөхсөн, оноо ойртож ирсэн чухал үед ч энэ байдал давтагдсан. Талбай дээр -17 гэсэн үзүүлэлт. Тамирчин хүнд заримдаа ийм зүйл бас тохиолдоно. Залуу тоглогч Б.Тулуй 17 оноо авсан ч энэ нь хожиход хангалттай оноо байж чадсангүй. А.Смит 22 минут тоглоод 5 оноо, К.Уолкер 18 минутийг талбайд өнгөрүүлээд 20 оноо. Хоёулаа дөрөв дөрвөн самбарын бөмбөг авсан үзүүлэлттэй тогложээ. Ц.Санчир цөөхөн минут талбайд гарсан ч +7 гэсэн үр бүтээлтэй ажиллав. Холбогч, самбарын тоглолт, сэлгээний тоглогчдоо бүрэн ашиглаагүй нь хожигдлын шалтгаанаар нэрлэгдэх л байх. Шүүлт дээр ч асуудлууд байсаар. Яагаад дасгалжуулагчид, зарим тоглолтууд дээр сэлгээний тоглогчид хүртэл техник аваад байна гэдэг дээр ярилцах л хэрэгтэй.  Шалтгаан байгаа болоод л хувь хүнийхээ хувьд сэтгэл хөдлөлөө гаргацгаагад байгаа. Хожсон багаас Ж.Саммерс 20 оноо, 6 самбар, 3 дамжуулалт, М.Мөнхзолбоо 19 оноо, холын шидэлт 4/9, С.Томпсон 18 оноо, холын шидэлт 4/6 гээд ялалтаа бататгахад гол түлхэц болсон оноонуудыг түүцгээв. А.Энхтүвшингийн 14 оноо, 13 самбар ч давгүй шүү. Их спортод барилдаан таардаггүй тамирчин, тоглолт таардаггүй баг гэж байдаг. Тэр жишээнүүдийн нэг нь л энэ хоёр баг юм. Ямар ч гэсэн хүснэгтийн дээд, доод байрлалын төлөөх тулаан Дархан Юнайтедын ялалтаар өндөрлөв.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир