432284018_724885879633804_3038977940270485580_n
Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумын харъяат Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэлээ. Барилдааны их шөвөгт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат, “Алдар” спорт хороо , “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, “Алдар” спорт хороо, Эм-Си-Эс групп, Богд Банк, Хос хаш оюу ХХК, Гал Хонгор ХХК, Алегротовер ХХК, Хонгор нутаг дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай нар шалгарсан байна. Харин их щөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар үлджээ. Түрүүлсэн  Г.Бадрах харцагын хувьд өмнөх 7 хоногт болсон Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат, улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит барилдаанд мөн түрүүлсэн юм.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан МҮБХ-ны тэргүүлэгч, улсын начин A.Хатансайханд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон, найз нөхөд, нутаг усныхан, “Есөн туг” клуб, үе тэнгийн бөхчүүдийн төлөөлөл, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Дараагийн барилдаан ням гаригт буюу маргааш Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумын харъяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

 

1997 онд Улсын цолтны эгнээнд хамтдаа хүч түрэн орж ирж байсан нэгэн үеийн хүчтэнгүүд