Хархорум олон улсын кино наадамд 15 улсын 23 бүтээлийг үзэгчдэд толилуулна

407150864_666449245661565_4921275426080190566_n
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо ТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг энэ сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой юм. Кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн 2 жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй 3 шагналын төлөө өрсөлдүүлнэ. Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээх ба наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид, бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан “Хүний эрхийн түгээмэл тунхаг” батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулж байна.
Түүнчлэн наадмын үеэр 15 улсын 23 кино, тэр дундаа дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж байна. Үүнд : Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын шагналт Оскарын шагналт найруулагчийн шилдэг уран бүтээл багтжээ. Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, Мариа Разакамболи/Франц/, Ким Ян Ву/БНСУ/нар ажилласан бол шүүгчээр найруулагчаар Оскарын шагналт найруулагч, зохиолч Малкольм Кларк/Англи/, жүжигчин Ким Хе На/БНСУ/, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрх зүйч Ч.Алтангэрэл нар ажиллана. Мөн олон улсын зочдоор найруулагч Чун Жи Ян/БНСУ/, найруулагч, продюсер Хан И/БНХАУ/, продюсер Жун Сан Мин, продюсер Эллен Ким, продюсер И Жонг Хо/гурвуул БНСУ/, найруулагч Вахагн Хачатрян, кино найруулагч Арен Малакян, жүжигчин Стефани Ариэнн нар оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой бөгөөд мастер класс сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломжтой аж. “Хархорум” олон улсын кино наадмын 45 удаагийн кино үзвэрийг үнэ төлбөргүй толилуулахаар төлөвлөж байна. 2023 оноос эхлэн зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадмын захирал нь Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга байх ба энэ жилийн хувьд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал ажиллаж байна.
Кино наадмын мэдээ  Бичлэг үзэх
Кино наадмын сурталчилгаа  Бичлэг үзэх