Хөвгүүдийн лигт Дэрэнчүүд ганц ч хожигдолгүй аваргалав.

387147604_788439503088400_7132570425095526273_n

Монголын хөл бөмбөгийн нэрт зүтгэлтэн Л.Доржсүрэнгийн нэрэмжит 14 хүртэлх насны “Хөвгүүдийн Лиг 2023” тэмцээн 6-р сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд үргэлжилж, нийт 8 клубийн 200 гаруй тамирчид улирлын тоглолтонд өрсөлдөөн дүүрэн оролцсоноос Ц.Энхжин дасгалжуулагчтай “Дэрэн” клубийн хөвгүүд 14 тоглолтоос 13 хожил, 1 тэнцсэн үзүүлэлттэйгээр аваргын цомын эзэн болов. Тэдний олон өдрийн бэлтгэл сургуулилт, тэвчээр хатуужил, сэтгэл зүтгэл энэхүү амжилтын гол түлхүүр, хөдөлгөгч хүч нь байлаа. Өсвөрийн хөл бөмбөгчид лигийн тэмцээнд оролцохын зэрэгцээ 6, 7-р сард Скандинавын орнуудад зохиогдсон дэлхийн өсвөрийн хөл бөмбөгчдийн уламжлалт цуврал тэмцээнүүдэд оролцож, хур туршлага хуримтлуулж, хүрэл цомын эзэд болцгоосон билээ. Энэ удаагийн лигийн тэмцээний мөнгөн медалийг Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” клуб, хүрэл медалийг Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим” клуб тус тус хүртсэн бол “Шилдэг хаалгач”-аар Б.Төгөлдөр/Дэрэн/, “Шилдэг хамгаалагч”-аар Б.Эрдэмбилэгт/Эрчим/, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Д.Анхням/Дэрэн/, “Шилдэг довтлогч”-оор Г.Чилүгэн/ДМЮ/ нар тодорсон байна. Лигийн шагналт байруудад “Хоромхон”, “Ховд Вестерн”, “Хараацай”, “СП Фалконс”, “Төв Буганууд” клубүүд оржээ. Хаалтын ажиллагаанд Л.Доржсүрэн агсны төрсөн дүү Л.Төмөрчөдөр, Л.Доржсүрэн сангийн ТУЗ-ийн гишүүн хүү Д.Ганбаатар, шавь И.Отгонбаяр болон “Л.Доржсүрэн” сангийн гүйцэтгэх захирал шавь Д.Батнасан нар оролцож, шилдгүүдийн шагналыг гардуулав.