Хөл бөмбөгийн дээд лиг хэрүүл тэмцэл, хэлтэй амтай эхэллээ

Хөл бөмбөгийн дээд лиг хэрүүл тэмцэл, хэлтэй амтай эхэллээ

Дээд лиг. 1-р тойрог. Тоглолт-1. Эф-Си Улаанбаатар 1 : 0 Эс-Пи Фалконс. Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн шинэ улирал хүлээлт өндөртэй ч хэлтэй амтай, хэрүүл тэмцэл ихтэй нэг юм эхлэх аядав. Тэмцээний өмнөх сурталчилгаа, идэвхжүүлэлт байхгүйтэй адил. Өнгөрсөн жилээсээ бүүр дордсон. Уул нь аливаа зүйл жилээс жилд сайжирдаг баймаар. Гэтэл сайжрах биш, улам л муужраад, дордоод байх юм.

 

 

Тоглолт  нэлэнхүйдээ бороон дунд өрнөсөн учраас тамирчдад хүндрэл ихтэй л байлаа. Тоглолтын 50 дах минутанд нийслэлээр овоглосон багийн легионер Диетрих Энзо энэ тоглолтын цорын ганц хожлын гоолыг оруулснаар өнгөрсөн жилийн аваргууд гараан дээрээ ялагдал хүлээн шинэ улирлыг хатуухан л эхлүүлэв.

 

 

Тоглолтыг холбооны пэйж хуудсаар шууд дамжуулсан хэдий ч энэ нь хөл бөмбөг сонирхогчдын хамаг уур хилэнг барж орхисон. Тайлбар байхгүй, бараг л гар утсаар дамжуулаад байгаа юм шиг  хөгийн байдал нь холбооны удирдлагуудад томоос том МУУ дүн тавьж орхисныг тэд мэддэг л байгаа даа. Бас болоогүй ээ. Нөгөө дамжуулснаа удалгүй устгаж орхисон. Бодвол ичицгээсэн биз. Харин тоглолтын гэрэл зураг мэргэжлийн түвшинд байсныг энд онцолъё. Тоглолтын төгсгөлд гоол байсан уу? Яг отон байсан уу гэдэг нь эргэлзээ төрүүлэхээр шийдвэрийг шүүгч гаргасан. Шүүлт ч угаасаа мөнхийн асуудал байдаг болохоор бараг л дасаж орхиж. Уул нь үндэсний дээд лиг юмсан. Ноднин жилээс “Монголын Прьемер Лиг” гэсэн нэртэй болсон. Гэхдээ нэр солигдлоо гээд тэмцээнийх нь цар хүрээ нь тэлсэнгүй, хамгийн гол нь үзэгчдийн хүлээлтэнд, хөгжөөн дэмжигч олны санаанд нийцсэнгүй. Үзэгчгүй бол тухайн спорт яах нь ойлгомжтой.

 

 

МХБХ шиг лиг эхлэхийн өмнөх өдөр тоглолтын хуваариа гаргадаг холбоо дэлхийд байхгүй байх. Ямар сайндаа л клубүүдийн зарим тамирчид, хөл бөмбөг сонирхогчид сошиалд тоглох, үзэх хуваариа мэдчих юмсан гэж бичиж байхав дээ. Ямарч гэсэн энэ хагас сайнд Ховд-Хангарьдтай, шинэ цэргүүд болох Хантерс-Дэрэнтэй тогох бол ням гаригт Эрчим-Төв азарганууд, Бишрэлт Хоромхон-Брера илч багууд тоглохоор байна.

 

 

Гэрэл зургийг Mongolian Premier League пэйж хуудаснаас ашиглав.

 

 

Манайд хөл бөмбөгийн холбоо шиг олон улсын холбоодоос асар их хэмжээний санхүүжилт авдаг өөр холбоо бараг л байхгүйтэй адил. 1997 онд Азийн хөл бөмбөгийн холбоо/AFC/-нд, 1998 онд Олон улсын хөл бөмбөгийн холбоо/FIFA/-нд тэр үеийн холбооны тэргүүлэгч байсан энэ спортод сэтгэлтэй хүмүүс яаж ийгээд элсүүлээд, олон улсын холбоодоос орж ирэх санхүүжилтынх нь амыг, нэг ёсондоо даллагынх нь уутны амыг сайн гэгч нь нээгээд өгсөн. Тэр хүмүүсийн нэг нь энэ мэдээг бичигч спортын сэтгүүлч би бээр л дээ. Санхүүжилт авч эхэлснээс хойш 27 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ойролцоогоор 20.000.000 ам.долларын санхүүжилт Монгол Улсын нэрээр МХБХ руу орж ирсэн! Энэ бага тоо биш. Сүүлийн жилүүдэд жил бүр өгдөг 1 сая долларын санхүүжилт дээрээ ДАШТ-тэй жилд дахиад 1 саяыг нэмдэг болсон. Одоо бүүр жил тутам 3 сая+ санхүүжилт ирж байгаа гээд бодчих. Тэгээд хөгжил хаана байна? Дээврээс нь ус гоождог футзалын ордон, хагас дутуу баригдсан цэнгэлдэхээс өөр гялайх, гялтайх зүйл үнэндээ алга. Хөгжил нь зогсонги, хүүхэд залуус нь уйтай. Нэг ёсондоо тэдний ирээдүйг, хүсэл тэмүүллийнх нь хамт энэ холбооны үе үеийн удирдлагууд гэх улс төрчид, улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд, хөл бөмбөгийн тогоонд чанагдаж байсан зарим нөхдүүд үгүй хийж байна. Монголын нэрээр орж ирж байгаа энэ их санхүүжилт ЯАГААД үр өгөөжөө өгөхгүй байна вэ? Монголын хөл бөмбөгийн спортод дуртай мянга мянган хүүхдүүдийн оргилсон их хүсэл тэмүүлэл, тэдний ундарсан их авъяасыг үнэгүйдүүлж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох цаг болсон баймаар?! Хөл бөмбөгийн спортоо аваръя, шинэчилье!

 

Спортын сэтгүүлч Н.Тамир