429564228_414130994465714_5268472291171677461_n

Лигийн тэмцээний плэй-оффын хагас шигшээ тоглолт-5 /3:2/ Бишрэлт Металл 70:80 IHC Апес   Тоглолтын тойм

Тоглолт эхлэхээс бүүр өмнө л дуулиан шуугиан дэгдсэн. Тоглолтын өмнөх үдэш Апесын ерөнхий дасгалжуулагч Лале Горунович болон багийн эзэн О.Мөнхжингийн сошиал дох мэдэгдэлүүд  өглөөтэй уралдан сагсан бөмбөг сонирхогчдын ярианы сэдэв болж, хөгжөөн дэмжигчдийн дунд томоохон түймэр дэгдээж орхисон. Ассан түймрийн дөлийг хэн бадрааж, хэн цурманд оруулах бол? Хожигдох эрхгүй, чухлын чухал тоглолтын өмнөх энэхүү сенсааци баг тамирчдын сэттгэл зүйд хэрхэн нөлөөлөх бол?

Тоглолтын зочин багийг танилцуулахдаа багийн дасгалжуулагчийн нэрийг телевизийн тайлбарлагчид огт дурьдсангүй. Магадгүй цаанаасаа албан ёсны мэдээлэл ирээгүй байж болох талтай. Гэхдээ мэдүүлэг бөглөж өгсөн баймаар. Зарим үед тайлбарлагчид хэт нэг талыг барин тайлбарлах байдал ч байсаар байна. Уул нь дасгалжуулагчаар ажиллах хүнийг нь зураглаачид харуулаад л байх. Үзэгч олон энэ мэдээллийг маш их сонирхон хүлээж суусан байх. Тэгээд дасгалжуулагчгүйгээр дур зоргоороо тоглоцгоох уу? Үгүй л дээ. Апесын дасгалжуулагчаар Ц.Отгонбаатар ажиллахаар болсон харагдлаа. Энэ хүн бол Монголын сагсан бөмбөгийн лигийн анхдугаар тэмцээнд оролцсон анхдагч 7 багийн нэг “Монсоник” багийн тоглогч явсан тамирчин. Бүүр тодруулбал энэ багийн эзэн О.Мөнхжингийн аав нь. Одоо ойлгомжтой биз дээ. Ингэээд тоглолт руугаа орцгооё.

Хоёр багийн гарааны бүрэлдэхүүн Бишрэлт Металл : Т.Ууганбаяр, Ж.Бленд, Б.Сүхбат, А.Энхбаясгалан, Д.Дэлгэрням. IHC Апес : М.Өлзий-Орших, Б.Тулуй, К.Уолкер, Ц.Санчир, Н.Ганбаатар. Дэд аваргуудын гараа ойлгомжтой. Харин бичнүүдийн гараа анхаарал татаж байх чинь. Харизм өндөртэй Уолкер, залуу тоглогч Санчир нарын нэрийг хараад л тоглолтын хэмнэл өмнөх тоглолтуудаас тэс ондоо болох нь гэсэн сэтгэгдэл төрж байв. Тоглолт эхэллээ. Холын зайнаас ёстой нэг сайхан буудалцлаа. Б.Сүхбат, М.Өлзий-Орших 2 удаа, Ж.Бленд гээд оноо 6:6. Шигшээ багийн 2 тоглолт, тоглолтын 4 дэх цувралын дараа багагүй шүүмжлэлд өртсөн багийн ахлагч М.Өлзий-Орших талбай дээр өмнөх шигээ гялалзаж гялтганасаар зөвхөн энэ үед 4 удаа 3-аас тор шатаав. 1-р үе 31:19! Яах аргагүй тэд тоглолтондоо оржээ. Завсарлагааны дараа Металлууд бага багаар оноог ойртуулсаар 40:40 дээр оноо тэнцэн, нэлээн удаан самбарын тоо солигдсонгүй. Ж.Силла бас л гоёхон тоглогч юм. Яаж ийгээд л оноо, эсвэл оноо салгах юм. Удалгүй Өлзийгийн холын шидэлт тоог хөдөлгөж, улмаар тоглолтын эхний хагас 47:41-ээр өндөрлөлөө.

3-р үеийн тоглолт адармаа дүүрэн, өгөө аваатай өрнөв. Г.Цэлмэг хуучин багийнхаа эсрэг хайр найргүй жигд үзэлцэж, Мэндээ-Ганбаа нарын самбар доорх ганган хувилбар үзэгчдийг огшоон, Н.Төмөрчөдөрын бөмбөг авалт, З.Энхтөрийн хичээл зүтгэл, Ц.Санчирын нягт хамгалалт, бөмбөггүй тоглолт, К.Уолкерын тэгш, дайчин тоглолт үнэхээр найс байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Лигийн дэд аваргууд яван чангарсаар энэ үеийг ганцхан онооны зөрүүтэй дуусгаж чадлаа. Шийдвэрлэх үед, ер энэ цуврал тоглолтонд Батаагийн Тулуй гэж залуу хийх ёстойгоо чимээ аниргүй, гүйцэтгэл сайтай хийн үнэн гангарч байна дөө. Монголын шигшээ багийн дараагийн үеийн ерөнхий дүр зураг хагас шигшээд шалгарсан багууд дээр фокуслагдаж байгааг харах сайхаан, сайхан. Өлзий, Уугаа хоёртой юу ярих вэ дээ. Тэд л ирж буй он жилүүдэд эх орныхоо нэрийг олон улсад гаргахад хувь нэмрээ үүрэгтэйхэн оруулцгаана. Багууд ч, шигшээ баг, холбоо ч залуустаа боломжийг нь тултал нээ! Тэд чаднаа! Энэ тоглолтын хожих, хожигдох шалтгаан юу байв? Өмнөх шигээ тааруухан тогловол энэ улирлын тэмцээнээ ч дуусгачих хүнд нөхцөл байдлаас IHC Апес багийнхан гарч ирж чадлаа. Өөрсөддөө ямар боломж байгааг, хувь тоглогчийн ур чадвар, зарим үед талбай дээрх гэнэтийн, оновчтой шийдвэрүүд, сэлгээнүүд тэдэнд хожил авчрав. Нөгөө талд Бишрэлт Металл багийнхан багаараа торгуулийн шидэлт, сул оролтуудаа ашиглаж чадсангүй. Магадгүй эсрэг багийн энэ улирлын тоглолтын туршид шахаж хамгаалсан хамгаалалт тэднийг нэгэн хэв маягт оруулж, тайшруулсан ч байж болох юм. Цангаа тайлсан тоглолтын эцсийн үр дүн 80:70. Дахиад нэг тоглох уу, хоёр тоглох уу гэдгийг бид ч таашгүй. Зүгээр л дор бүрдээ өөрсдийн таамаглалуудаа дэвшүүлцгээе.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

Б.Тулуйгийн яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах хэвлэлийн хурал   Хэвлэлийн хурлын бичлэг