Цэргийн баярын барилдаанд бүх цэргийн наадмын түрүү бөх, улсын начин Л.Отгонбаатар түрүүллээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонингийн 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Степ Гоулд” ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв. МУГТ Л.Отгонбаатарын хувьд 2020 онд “Бүх цэргийн наадам”-д түрүүлж, “Цэргийн арслан” цолонд хүрч байсан юм. Барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарсан байна. Барилдааны дунд шөвөгт улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Батжаргал, Б.Түмэндэмбэрэл, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлджээ.