Чөлөөт бөхийн залуу халаа өнгөтэй байна

428684741_854600359803353_8702855176977264746_n
Бөхийн чөлөөт барилдааны 23 хүртэлх насны УАШТ амралтын өдрүүдэд БХЯ-ны “Алдар” СХ-ны зааланд зохион байгуулагдаж байна. Ингээд тэмцээний эхний өдрийн мэдээллээс тоймлон хүргэе. Тэмцээний нээлтийн ажиллагаа   Бичлэг үзэх
Азийн АШТ-ий хүрэл медальт Пүрвээгийн Дашцэрэн, залуучуудын УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Г.Батнасанг ялан анх удаагаа түрүүлсэн бол сарын өмнө насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож, хүрэл медаль хүртээд байсан 18 настай А.Даваадорж, “Аваргууд” академийн Н.Ганцоож нар хүрэл медаль зүүлээ.
Оюутны УАШТ-ий аварга С.Жигүүр эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 57 кг-д Улсын аваргаар тодорч, “Тэх Мөнх” клубийн тамирчин А.Сүхбат үзүүрлэн, хүрэл медалийн эздээр “Төв Арж” клубийн Л.Мөнх-Од, “Дархан Хасу” клубийн Э.Бямба-Оргил нар тодров.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт Таравын Түвшинжаргал энэ насанд 2 дахиа түрүүлж, шилдэг амжилтаа дархалж, О.Цэлмүүн өнгөрсөн жилийнхээ хүрэл медалийн өнгийг хувиргаж чадсан бол хүрэл медалийг Б.Найдансүрэн зүүлээ.
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд энэ оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 72 кг-ийн жинд зодоглож хүрэл медаль хүртсэн Д.Цогзолмаа түүртэхгүй түрүүлэв. Түүний хувьд цэргийн дэлхийн аварга, 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж амжилт арвин яваа тамирчин билээ. Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаагаа өрсөлдөж мөнгөн медаль зүүсэн өсвөрийн Ази тивийн аварга Э.Одзаяа мөнгө, Т.Уянга-Эрдэнэ, Г.Туяамаа нар хүрэл медалийн эзэд болов.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаагаа түрүүлсэн Түвшинжаргалын Энхжин өөрийн насны ангилалдаа хоёр жил дараалан Монгол Улсын аваргаар боллоо. Харин өнгөрсөн жил 23 хүртэлх насны УАШТ-ий 72 кг-ын жинд түрүүлсэн А.Даваажаргал үзүүрлэн, хүрэл медалийг Г.Энхжин, З.Отгондулам нар зүүлээ.
Эмэгтэйчүүдийн 65 кг-д залуучуудын УАШТ-ий хошой мөнгөн медальт, 17 хүртэлх насны Улсын аварга, мөн ангиллын Ази тивийн АШТ-ий V байрын шагналт Эрдэнэ-Очирын Одгэрэл анх удаагаа тэргүүлж, Армийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, 17 хүртэлх насны УАШТ-ий хошой мөнгөн медальт Н.Нархажид мөнгөн медаль авсан бол “Аваргууд” академийн Л.Мөнхцэцэг, Налайх дүүргийн бөх А.Марина бор хүрэн медальтай харив.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Токио-2020” олимпын наадамд V байр эзэлсэн ОУХМ Болдсайханы Хонгорзул торолгүй түрүүллээ. Тэрээр аваргын төлөөх барилдаанд ердөө хэдхэн секундыг зарцуулж, өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялсан юм. Мөнгөн медалийг “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Л.Эрдэнэболор, хүрэл медалийг Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Э.Аззаяа зүүжээ. Б.Хонгорзул өнгөрсөн сард явагдсан насанд хүрэгчдийн УАШТ-д үзүүрлэсэн бол Л.Эрдэнэболор хүрэл медаль авсан билээ.
Шигшээ барилдаанууд   Бичлэг үзэх