Шигшээ багийн хар өдрүүд /Шүүмж/
Хонконгод болсон “Парис-2024” олимпийн эрхийн төлөөх сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй багууд тун тааруухан оролцож, спорт сонирхогчдыг гонсойлгов. Хэсгийн эхний тоглолтуудын мэдээллийг бид хүргэсэн болохоор энэ удаад сүүлийн тоглолтуудын тухай цухас өгүүлье. Залуус маань багаараа Азийн наадмаас анхны мөнгө, хүрэл медалиа авцгаан, хэдхэн хоногийн өмнө гэхэд тивийн аваргаас хос хүрэл медаль/Анх удаагаа/-тай нүүр дүүрэн инээмсэглэлтэй онгоцноос бууж байсан болохоор арга ч үгүй биз. Тамирчдыг магтаж, сайшааж, бас ирлэж, хурцалж байдаг фэнүүд нь энэ өдрүүдэд нэлээдгүй бухимдалтай байгааг тэдний сошиалын пост, сэтгэгдлээс харж болохоор.
Эрэгтэй баг : Латви, Египтийн багт дараалан хожигдсоныхоо дараа Шинэ Зеландын багтай сүүлийн тоглолтоо хийлээ. Уул нь хожоод сурчихсан баг. Гэхдээ энэ удаад нэг л болж өгсөнгүй. Багийн ахлагч Д.Дэлгэрнямын самбар доорх бядтай тэмцлийн хүч үл ялиг буурсан харагдав. Азийн эрхий мэргэн харваач А.Анадын хэрэгтэй үед багаа хөглөдөг холын шидэлтүүд унасангүй. Өөр дээрээ бөмбөгийг их удааж байна. Мэдээж ганц нэг ганган оролт, тохолтууд байсан байсан. Багийн төв О.Энхбаатар 100%-ийн магадлалтай оролтуудаа чулуу болгочихсон бол… Хашир мастер Э.Дөлгөөний оронд сонгогдсон залуу тоглогч Ч.Ихбаяр талбайд хийх ёстой үүргээ биелүүлсэнгүй. Шидчихмээр зайнд байхад хэрэггүй дамжуулалт өгөөд, нэг тийм өөртөө итгэлгүй тоглов. Дээр нь шүүгчтэй маш их харьцацгаах юм. Эмэгтэй шүүгч бол илт манай эсрэг үлээсэн. Гэхдээ маргалаа гээд юу ч хожихгүйг туршлагатай тоглогчид мэдэж л баймаар. Бүүр л гэдэн нь хөдлөөд, техник өгөөд эхэлнэ. Хор уршиг нь тоглолтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
Эмэгтэй баг : Азербайжанд ялагдсанаар хэсгээсээ гарах боломжоо алдсан. Тоглолт дуусахад 27 секунд дутуу байхад О.Хулан маш хэцүү байдлаас самбараас бөмбөгийг авч оноог 12:12 болгож тэнцүүлэн гавъяа байгуулсан ч торгуулийн нэмэлт шидэлтээ алдан, багаа хөөдөв. Удалгүй эсрэг баг оноогоор илүү гарсан. 6 секунд зааж байхад мөн О.Хулан дундын шидэлтээ дутуудуулж, байрлалаа зөв эзэлсэн Б.Ариунцэцэг бөмбөгийг авч дээш яваад байдаггүй дээ. Ийм л нэг харамсалтай тоглолт болоод өнгөрөв.
Дараа нь сэлгээний тоглогчгүй Чилийн багт ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгалаа. Цаг дуусах үед манай 3 тоглогч 5 холын, 1 дундын гээд нийтдээ 6 шидэлт гүйцэтгэсэн. Нэг нь ч оноо болоогүй. Мөн бас л эрэгтэй багийнхны нэгэн адилаар шүүгчтэй маргасаар. Нөгөө хоёр шүүгч нь ч санал их зөрөлдөх юм. М.Цэрэнлхам дайчин хамгаалалт, мэдрэмжтэй хаалтуудаа хийсэн ч шидэлт, оролт бараг л байхгүйтэй адил. Нүүрний хамгаалалт нь нөлөөлснийг ч үгүйсгэхгүй. О.Хулангийн шидэлтүүд болж байгаа ч зарим үед оролт хийхдээ хэт яарснаас бөмбөгөө сайн мэдрэхгүй давуулж шидэх байдал анзаарагдав. Шийдвэрлэх үед алдсан торгуулийн шидэлт үнэхээр хайран. Б.Ариунцэцэгийн талбайд байх хугацаа багасан, тоглолтыг хянадаг чадвараа бүрэн гаргасангүй. Ө.Индрад, түүний холын шидэлт, хувийн ур чадварт найдсан тоглолт талбайд багагүй хугацааг авч байна. Шидэлтээ төгс гүйцэтгэдэг болох хэрэгтэй. Мөн залалтын техник, тоглолтын хэв маягаа зоригтой өөрчлөн, зарим үед бусаддаа дамжуулалт өгдөг болмоор. Нийтлэг дутагдал гэвэл багийн алдаа олон болсон үед ямар ч шаардлагагүй алдаа хийсээр. Алдаа 7+ болчихсон байхад шүү!
Ер нь хоёр баг хоёулаа ингэж том тэмцээнээс ганц ч хожил авалгүй, хов хоосон буцаж байсан тохиолдлыг би л хувьдаа санахгүй юм. Тамирчид маань дандаа магтаалын үг сонсоод байвал өөрсдөө ч хөгжихгүй. Бодит шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч, бэлтгэл дасгалжуулалтандаа тусган, дараа дараагийн тэмцээндээ алдаанаасаа суралцаж байж л урагшаа алхацгаана. Жишээ нь дасгалжуулагчдын баг дээр хариуцлагын асуудал яригдах уу? Тэмцээн нэгээр дуусахгүй. Япон, Унгарын гээд эрх олгох тэмцээнүүд байгаа байгаа.
Эцэст нь хоёр зүйлийг заавал хэлэх ёстой. Нэгдүгээрт : Манай баг хожигдоод, цааш тоглох боломжгүй болонгуут холбооны хэвлэлийн нөхдүүд мэдээлэхээ больдог байдал хэвийн үзэгдэл болсон. Монгол-Чилийн тоглолтын мэдээ одоо болтол www.facebook.com/MGL3x3 пэйж хуудсанд ороогүй байсаар. Хоёрдугаарт : Ядаж байхад яр гэгчээр шууд дамжуулж байгаа телевизийн зарим тайлбарлагчдад эфирийн наад захын соёл гэж ёстой түй ч алга. Баг тамирчдаа амжилт үзүүлэхээр нь тэнгэрт тултал магтаж, хожигдохоор нь нөгөө багийг нь тийм ч хүчирхэг, чансаа өндөртэй учраас манайх хожигдох ёстой багтаа хожигдлоо гэсэн өнгө аястай ярьцгаана. Хамгийн бүдүүлэг нь хувийн үзэл бодлоо үзэгчдэд тулгана. Бүүр сүүлдээ микрофон нь нээлттэй байхад тамирчдаа доромжилсон зүй бус үг, хэллэг хээв нэг хэлдэг болж. Энэ байдал олон удаа давтагдаж байгаа! Телевизийнхэн баг тамирчид, үзэгчдээс хэзээ уучлалт гуйх вэ?! Би ч гэсэн хайртай спортоо, дуртай мэргэжлээ доромжлуулаад баймааргүй байна.
Спортын сэтгүүлч Н.Тамир
Эрэгтэй баг. Монгол-Шинэ Зеланд. Тоглолт үзэх
Эмэгтэй баг. Монгол-Азербайжан. Тоглолт үзэх
Эмэгтэй баг. Монгол-Чили. Тоглолт үзэх