459388621_852211557012827_1354437929241451012_n

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 U23 World Cup-2024” тэмцээнд Монголын шигшээ баг А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэръяа нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Тэд хэсгийн хоёр дох тоглолтоо Бениний шигшээ багтай хийж, 21:12 гэсэн хол онооны зөрүүгээр анхны ялалтаа авлаа. Манай залуус бүх байрлалд илүү тоглосон ч Африкын баг тоглолтын дунд үе хүртэл оноог нэг их холдуулалгүй барьж тоглосон. Гэхдээ сүүл рүүгээ яах арагаүй үнэнд гүйцэгдэв. Азаа хүү самбарт азаргалж, бусад тоглогчид жигд тоглон, үүргээ үндсэндээ сайн биелүүлцгээлээ. Одоо хэсгийн үлдсэн маш чухал 2 тоглолт бий.  Өнөөдөр 16:45 цагаас Нидерландтай, 19:10 цагаас БНХАУ-ын багтай тус тус тоглох хуваарьтай. Хоёуланг нь хожвол хэсгээсээ баараггүй гарна. Аль нэгэнд нь ялагдвал хасагдах шатанд шалгарах боломж бараг л үгүй болов уу.

Манай шигшээ багийн тоглогч Л.Авирмэд нутагтаа зохион байгуулагдсан хоёр ДАШТ-д оролцоод байна. Эхнийх нь 2019 онд зохион байгуулагдсан “FIBA 3×3 U18 World Cup” тэмцээн, дараагийнх нь энэ удаагийн тэмцээн юм.
Дэлхийн аваргын хэсгийн эхний тоглолтоо Японы багтай манайхан хийсэн. Маш тэнцүүхэн тоглосон. А.Азбаяр цагирагт аймаар тохож, дор бүрнээ зүтгэцгээв. Харамсалтай нь тоглолтын төгсгөл рүү Г.Болор-Эрдэнэ хоёр ч сул оролтоо давуулж шидэн, бас бөмбөг алдалт хийснээр багаараа хичээсэн бүхнээ үгүй хийж орхисон. Тэрнээс залуусын маань ур чадвар мэдэгдэхүйц сайжирсныг бид бүгд харцгаав. Бага зэргийн ёндоо л дутлаа даа.