Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн мэнд дэвшүүлье!

414691599_7097520230366816_6818994400423795138_n
Өнөөдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр. Баяр гэхээсээ илүү түүхийн ямар чухал үйл явдал болохыг ялангуяа залуу хойч үе маань сайн уншиж судалж, зөв мэдээлэлтэй болох нь хамгаас чухал юм. Манжийн дарлалын 220 жил хар дарсан зүүд шиг аймшигтай, эмгэнэлтэй цаг үе байсныг БҮҮ МАРТ! МОНГОЛЧУУД СЭРГЭН МАНДАЖ ЧАДДАГ, АГУУ ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН. Тэртээ 1911 онд Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн Монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцэл ялалтаар төгсөж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөн залах баяр ёслол цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөнд тохиосон билээ. Энэ нь 1911 оны 12-р сарын 29 байсан бөгөөд түүнийг эл өдрийн 11.00 цагт эрдэнийн ширээнд залж, Цагаан дара Дондогдуламыг улсын эхэд өргөмжлөн хаан, хатанд тус тус гурвантаа сөгдөн есөнтөө толгой дохиж мөргөсөн ажээ. Манжийн зуун дамжин үргэлжилсэн ноёрхлыг түлхэн унагаж, Монгол Улс тусгаар тогтносон улс болсноо зарлан амьд бурхан хэмээн хүндлэгддэг VIII Богд Жавзандамба хутагтыг “Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн, Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн албан ёсоор өргөмжлөн орон даяар төрийн их ёслол болж, Монгол орны өнцөг булан бүрт буй ард олон хүрээ рүү харж, нэгэн хүн мэт сөгдөн мөргөсөн, хүн бүрийн магнай тэнийсэн, сэтгэлд нь нар гийсэн “ШИНЭ ӨГЛӨӨ” байсан. Монгол түмний хийморь сэргэсэн энэ өдөр Богд гэгээнтэн хатан Дондогдуламын хамтаар алтан шар туг намируулан заларч, өмнө нь бараа бологч лам хуварга, тэдгээрийг улаан хуйтай сэлэм агссан ноёд тэргүүлсэн байдалтай байжээ. Богд хаан, хатан нар алтан очир жинстэй хар үнэгэн титэм асаасан, булган хүрэмтэй, хойно нь бараа бологчид нь шар торгон алтан саа бүхий луун хээтэй шүхэр, тогосны өдөн шүхрийг барин дагалдаж, хаан хатан шар торгон зам дээгүүр алгуурхан алхан явж байсан хэмээдэг. Богд бээр “Би олны өргөмжлөхийг хүлээж Монгол Улсын хааны сууринд суусан нь бурхны шашныг буман нарны гэрэл мэт хир үгүй мандуулан, хаан төрийг сүмбэр уул мэт бат болгож олон монгол албатыг үүрд энх төвшний соёлд учруулахыг үргэлжид шамдан хичээнэ” хэмээсэн байдаг. Ийнхүү 1911 оноос өмнө Богд нь Монгол үндэстний шашны дээд шүтээн болж байсан бол Үндэсний хувьсгалын дараа Монголчуудын шашны төдийгүй, төрийн удирдагч эзэн хаан нь болсон юм. Энэ үед улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөн”, Их хүрээг улсын нийслэл болгон “Нийслэл хүрээ” хэмээн албан ёсоор нэрлэсэн ажээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор агуу түүхийн эзэд өвөг дээдсээ биширтүгэй!