Хүлээлт өндөртэй, үзэгчдийг догдлуулсан ганган тоглолт

399751760_350024134209734_4817064063343398826_n

IHC Апес 96:83 Хасын Хүлэгүүд. Лигийн тэмцээний шинэ улирлын 1-р тойргийн оргил тоглолтуудын нэг. Хоёр багийн тоглолт эхнээсээ, тоглолт эхлэхээс бүүр өмнө л постер зургаар сошиалд дайн дажинтай, оршил хүлээлт өндөртэй байсан. Эхний тоглолтонд хоёулаа ялагдал хүлээсэн нь ч хоёуланг нь хурцалж өгсөн. Хүлэгүүд эхний оноог авснаар тоглолт эхлэв. Апесын нягт хамгаалалт, бөмбөггүй гүйлт, оновчтой дамжуулалт, шидэлтүүд тоглолтын эхний хагаст 21 онооны давуу байдал үүсгэх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Харин бараг л цоо шинэ бүрэлдэхүүнээр лигийг эхлүүлсэн Хүлэгүүдийн унаганууд 2-р хагасыг тун ч үзүүштэй болгож орхисон доо. А.Азбаярын самбарын тэмцэл, Э.Түшигийн хурд, холын шидэлтүүд аюул тарьж, тоог ч ойртуулж чадсан. Нөгөө талд М.Өлзий-Оршихын хувийн болон талбайг мэдрэх чадвар, ганган дамжуулалтууд, Тулуйн өөртөө итгэлтэй дайчин чанар, оноо түүлт, Д.Смитийн самбарын зүтгэл, Энхсайханы ахисан түвшний тоглолт, Н.Батбаярын цэмцгэр техник, Т.Мэндбаярын бөмбөг “хулгайлалт”, бас зарим мэдрэмжтэй дамжуулалтууд үнэхээр үзүүштэй байлаа. 4-р үеийн төгсгөлд юу юу ч болчихов. Мэндээ-Смитийн хослолын тохолтын үзүүлбэр үзэгчдийг ёстой галзууруулсан шүү. Хэр баргийн тоглогчоос орон зайг мэдрэх ийм торгон мэдрэмж гардаггүй юм гэдгийг тэрээр тунхаглав. Удалгүй “Тоглолтын шилдэг”-ээр тодорсон Б.Тулуй болон Д.Смит нарын хувилбар бас л ордонг доргиосон. Плей-оффын хэмнэлтэй эхэлж буй улирлын тойргийн тоглолтууд аюул тарихаар байна шүү. UG Arena-гийнхэн сандлаа сайтар бөхөлж, энд тэндэх эрэг боолтоо сайн чангалаарай. Нөгөө муу сайнаар хэлүүлээд байдаг хэдэн багийн эздийн босгосон багуудын тоглолт бүр Монголын сагсан бөмбөгийг үзэх юмтай байлгаж, хөгжлийн түүчээ болж байгаатай хэн ч маргахгүй биз. Мэдээж дээр нь энэ спортод хайртай үзэгчдийн уухай түрлэг, дэмжлэг хамгаас чухал. Гоёхон спортоо гоё л хөгжүүлцгээе. Спортын сэтгүүлч Н.Тамир.