Пара спортын тамирчдад мөнгөн шагнал олгоно
“Ханжоу-2022” Азийн зуны спортын IV пара наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөлд 68 тамирчин оролцсоноос 8 тамирчин/2 алт, 3 мөнгө, 2 хүрэл/медаль хүртсэн билээ. Тус наадмаас медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, зарим тамирчин, дасгалжуулагчийг шагнаж урамшуулав. БТСУХ-ноос хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин П.Энхманлайд 20 сая төгрөгийн үнэ бүхийн уралдааны тэргэнцэр гардууллаа. Азийн пара наадамд оролцсон Монголын баг тамирчдаас хамгийн ахмад нь 65 настай волейболын тамирчин Ч.Нарантуяа байсан бол хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин 16 настай Х.Номуун байв. Мөн тус наадамд туялзуур сэлэм, усанд сэлэлт, го даам, шатрын спортын төрөлд Монголын тамирчид анх удаа оролцжээ. Медаль хүртсэн 8 тамирчин, тэдний 6 дасгалжуулагч нарт Монгол Улсын Засгийн газрын 173-р тогтоолын дагуу 58.500.000 төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.