Аймгийн арслан Э.Мөнхжаргал нээлтийн барилдаанд түрүүллээ

420521781_886130316850503_5043000485115070856_n

Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний шинэ оны нээлтийн аймаг, цэргийн цолтой 64 бөхийн барилдаан “Мөнхийн үсэг”ХХК-ийн спорт зааланд болж, идрийн жавхаа нь жигдэрсэн залуучууд ид хаваа гайхуулан хүчээ сорьсноос Хотонт сумын харъяат, “Хатант интернэшнл”ХХК-ийн бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлэн, Тариат сумын харъяат цэргийн заан Ө.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт мөн Тариат сумын харъяат аймгийн арслан У.Батгэрэл, Чулуут сумын харъяат аймгийн арслан Б.Чинбат нар шалгарсан бол дунд шөвөгт аймгийн арслан С.Майнбаяр, аймгийн харцага П.Жаргалсайхан, аймгийн начин О.Баярбаасан, сумын заан М.Мандахбаяр нар үлджээ. Барилдааны хоёрын даваанд сумын заан Д.Мөнхтулга, Б.Орших, П.Наранбаатар нар аймгийн арслан, заануудыг давж, өсөх ирээдүйтэй бөхчүүд гэдгээ харуулсан байна. Барилдааныг ивээн тэтгэж, хамтран ажилласан “Бөхбилэгт” дэвжээний удирдах зөвлөлийн гишүүн, “Хүннү Шоес”ХХК-ийн захирал Р.Батбаяр гоц амжилттай барилдсан бөхчүүдэд нэрийн бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулж, баяр хүргэлээ.