Арван тоглолтонд хаалгаа хуурай манасан баг

432738970_878315610759911_968200633467655378_n
Монголын Премьер лигийн 12-р тойрог. Булган СП Фалконс 2:0 Ховд. Хүснэгтийг тэргүүлэгчид 12 тойрог тоглож, 11 дэх ялалтаа байгуулснаар давамгайллаа улам баталгаажууллаа. Ингэснээр тэд ардаа яваа “Дэрэн” багаас нэг тоглолт илүү, 12 онооны давуутай болов. Гэхдээ энэ ялалт тэдэнд амар хялбар ирээгүй. “Ховд” хэдийгээр хүснэгтийн сүүл мушгиж буй ч тун сайн хамгаалж, 74 дэх минутийг хүртэл гоол алдалгүй тэссэн. Харин энэ үед “Фалконс”-ын ахлагч М.Төгөлдөр хаалттай цохилтоос нэгэн гайхалтай гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан юм. М.Төгөлдөр улирлын 6 дах гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтын 5-рт орж ирэв.
Удалгүй сэлгээгээр талбайд гарсан М.Жансерик тооны харьцааг 2:0 болгосноор тоглолтын эцсийн цэгийг тавилаа. “Фалконс”-ын хувьд 12 тоглолтын 10-т нь хаалгаа хуурай манасан гайхалтай амжилттай явна. Тэд дараагийн тойрогт “Төв Азарганууд”-тай тоглох бол “Ховд”-ынхон өмнөө бичигдэж буй “Баварианс”-тай тулах болно.
“Ховд” клубийн хаалгач, багийн ахлагч А.Сайханчулууны яриа   Бичлэг үзэх
“Булган СП Фалконс” багийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалайгийн яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Булган СП Фалконс” багийн ахлагч М.Төгөлдөр тодорлоо. Тэрээр тоглолтын эхний гоолыг хаалттай цохилтоос оруулж, багийнхаа ялалтын эхлэлийг тавьсан. М.Төгөлдөр өмнө нь “Брера Илч”-тэй хийсэн тоглолтод мөн шилдгээр шалгарч байв.
Монголын Премьер Лиг