Сумын заан Б.Пүрэвдашийн анхны түрүү

434985398_742209744568084_7097627914606378078_n
Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх авхаалж самбаагаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Өлзийт сумын харъяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Бямбаагийн Пүрэвдаш анх удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадам болон Монгол бөхийн өргөөний сумын цолтнуудын барилдаанд тус бүр хоёр түрүүлсэн заан Мөнхбаярын Баасанжав дахиа үзүүрлэв. Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Хангалын бор овоо” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан А.Амархүү үлдсэн бол дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын харъяат, “Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй заан Ц.Сумъяабазар нар шалгарсан байна. Мөн шөвгийн есөд Дорноговийн сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Хэнтийн сумын заан О.Ихбаяр, Ховдын сумын заан О.Чадалбат, Архангайн сумын заан О.Доржсамбуу нар үлджээ.
Тус барилдаанд ӨМӨЗО-ны залуу бөх Б.Содномжамц анх удаагаа 5 даван шөвгөрлөө. Тэрээр нэгийн даваанд Архангайн заан С.Бат-Эрдэнэ, хоёрт Хэнтийн заан С.Эрхэмбаярыг, гуравт Баянхонгорын заан Э.Совджамцыг, дөрөвт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнийг, тавд Баян-Өлгийн заан Х.Гасырбекийг давж шөвгөрөөд, зургаад Ховдын Ц.Сумъяабазар заанд өвдөг шороодсон юм. Өмнөх 3-р сарын барилдаанд Б.Содномжамц 4 даван шөвгийн даваанд гарч барилдсан билээ. Энэ нь Өвөрмонгол бөхчүүдээс Монгол бөхийн өргөөний сумын цолтны барилдаанд хүртсэн анхны шөвөг ажээ. Түүнд сумын цолтнуудын барилдаан бүрт олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”, Ховд аймгийн Мөст сумын заан О.Чадалбатад “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, бөхийн хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү тус тус гардууллаа. Маргааш 4-р сарын 12 нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай болно.