436352079_744954277626964_7926418287715059742_n
МҮБХ-ны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ 8 багийн хоёр дахь барилдаан Өвөрхангай – Өмнөговь аймгуудын хооронд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв. Өвөрхангай аймгийн багаас улсын гарьд Ц.Бямба-Отгон/3/, улсын харцага Х.Гантулга/3/, улсын начин Б.Лхагвадорж/3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар/1/, цэргийн арслан Б.Өлзийсайхан/2/ тэрээр 3-р тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ/2/ нийт 14 даваа авсан бол Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр/3/ 5-р тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Ш.Дарханбат/1/, улсын начин Э.Нямаа/1/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн/3/, аймгийн заан С.Доржпалам/3/ нийт 11 даваа авч, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа даваа аваагүй байна.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр нар ажиллажээ. Ялсан Өвөрхангай аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч, 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан баг 5 сая төгрөгийн шагналаа гардан авав. Өнөөдөр Увс-Говьсүмбэр аймгуудын багуудын барилдаанаар “Алтан цом”ын  хасагдах шатны барилдаан үргэлжилнэ.