XXI зууны дэлхийн хөл бөмбөгийн сорууд

2023

Шинэ зуун гарснаас хойших дэлхийн хөл бөмбөгийн шилдгүүдэд олгодог BALLON D’OR шагналын эздийг эргээд нэг харцгаая. Мэдээж 2008-2017 оны 10 жилд Рональду, Месси хоёр яг хоорондоо ярьж тохирсон аятай тав таван удаа авсан байдаг. Ингэхдээ Лео 4 жил дараалж өргөөд, Ро 5 жилд дундаа нэг алдаад, бас л 4 удаа гэртээ цомоо залсан. Аман хүзүүдсэнийг нь тоолохоор Ро 6:5 Лео. Хоёул 3-р байрт нэг нэг орж байжээ. Царай зүс, зургийг нь анзаарвал Португал эр ерөнхийдөө хэвээрээ шахуу, мань Месси үс сахалдаа болоод тэр үү, жаахан оворжуу харагдах. Клубүүдийн түвшингээр нь харахаар нөгөөх л Реал, Барса хоёр давамгайлж. Хамгаалагчдаас ганцхан Италийн Ф.Каннаваро 2006 онд цом гардсан. Тэр жил түүний багийн анд Ж.Буффон удаалсан гэхээр бас сонин байгаа биз. Мундаг довтлогчид нь хаачсан ч юм. Хамгийн харамсалтай нь ковидоос болоод 2020 онд Польш гоолын машин Лева энэ нэр хүндтэй шагналыг авч чадаагүй. Харин улсаар нь авч үзвэл Аргентин 8, Португал 6, Бразил, Итали 2,  Англи, Чех, Украин, Хорват, Франц хөл бөмбөгчид тус бүр ганц удаа өөрийн болгосон түүхтэй. Дэлхий, тивийн аваргадаа түрүүлж чадаагүй улсуудын тоглогчид гэвэл Украины А.Шевченко, Хорватын Л.Модрич нар. Тоглогчийн хувиар гэхээр Английн М.Оуэн нэмэгдэх нь. Бас л сонирхолтой байгаа биз.