VIII Богд таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд залагдахад түүний төрсөн дүү, 2 настай Лувсанхайдав, эх Ойдовдулам нар дагалдаж иржээ. Лувсанхайдав ийнхүү багаасаа монголын эрдэмтэн мэргидийн гар дээр хүмүүжин, ахтайгаа хамт шашны номд суралцаж байв. 1884 онд VIII богд Жавзандамба хутагт, түүний номын багш Балданчоймбол нар Лувсанхайдавыг “Төрийн их Чойжин”-оор тодруулжээ. Түүний хурал номын ажилд зориулан сүсэгтэн олны өргөл барьцаар “Хар зүгийн шуламсын аймгийн омгийг дарагч Их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш”-ийг 1901 онд бариулж дуусгажээ. Гэтэл 1903 онд гал гарч шатсан тул одоогийн Чойжин ламын сүм музейг 1904 онд Омбо тэргүүтэй монголын 300 гаруй шилдэг урчууд урлан босгосон түүхтэй. Уг сүмийг 1942 оноос музей болгон ашиглаж, гадаад дотоодын тусгай зочид төлөөлөгчдөд үзүүлдэг байгаад 1942 оноос олон нийтэд нээлттэй болгосон байна. Чойжин ламын сүм музей руу урд талын Ямпай хаалгаар орж аялал эхэлнэ. Уг хаалган дээр үхэшгүй мөнхийн найман сахиус өлзийт найман тахил, бадамлянхуа цэцгийг товойлгон дүрсэлсэн байдаг. Дээр үед мөргөлчид зүүн урд зүгээс ирэхдээ муу муухай юм оруулахгүй гэдэг үүднээс ачаа хөсгөө холхон үлдээгээд өөрсдөө хувцас хунараа сольж, биеэ цэгцлээд сүм рүү ордог байжээ. Үүдээр ормогц Махаранз сүм угтана. Уг сүмийн хаалганы хоёр талд тус бүр хоёр хааны сүрлэг баримал байх бөгөөд тухайн үеийн урчууд цаасан шуумал, уран баримлын аргаар бүтээжээ. Эдгээр нь буддын шашны домог ёсоор Сүмбэр уулын дөрвөн зүгт оршдог дөрвөн талаас нь хамгаалагч хаад аж. Чулуун шигтгэмэл замаар явж хүндэтгэлийн хаалганд хүрнэ. Уг хаалгаар зөвхөн Богд хаан болон монголын язгууртан дээдсүүд ордог байсан бөгөөд эгэл мөргөлчид зүүн хаалгаар, лам хувраг номын хүмүүс баруун хаалгаар ордог байж. Уг сүмийн голын хэсгийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба С. Гомбожав тэргүүтэй эрдэмтэн лам нар хурал ном хурах үеийн зохион байгуулалтаар дэглэж, бурхад, цаасан шуумлууд, эдэлж хэрэглэж байсан зүйлийг байрлуулжээ. Үүдээр ормогц зүүн гар талын шилэн хоргонд Улаан Жамсран бурхны баг, цамын хувцас хэрэглэл байрлах агаад эдгээр нь түүхийн хосгүй ховор үнэт өвд тооцогддог. Дээр цагт цам харайх ёслолыг үзэх нь бүтэн жилийн заслыг хийлгэсэнтэй адил хэмээн үзэж төрт ёсны энэхүү шашны ховор зан үйлийг үзэж чадсан бол ихэд бэлэгшээдэг байв. Гол сүмд хамгийн тансаг уран хийцтэй Хүрээ баг, Манзушир багууд хадгалагддаг. Түүнчлэн адар дээр мамыг дүрсэлсэн байх агаад үүдэн хэсгээс эхлэн сүмийг тойрох явцад тэдгээрийн дүрс өөрчлөгдсөн байдаг. Учинр нь сүмд орж ирэхэд муу муухай сэтгэлтэй байсан хүний төрөл аажмаар сайжирч, үүдэр гарах үед ариуссан байхыг бэлгэдсэн утгатай юм. Гол сүмд хамгийн чухал үзмэрүүдийн нэгд тооцогддог диваажингийн хоёр орон байна. Завхан аймгийн харьяат Балган хэмээх урлаач нэг ч хадаас оруулалгүйгээр энэхүү бүтээлийг урласан байна. Сүмийн хоймор хэсгийн баруун, зүүн талд Чойжин лам болон түүний багш Балданчоймболын цаасан шуумал дүрүүд заларчээ. Богдын ордонд маш олон уран хатгамалч эмэгтэйчүүд байсны дотор Аюуш гэгч эмэгтэйн самбай хадагны нарийхан утсаар оёж хатгасан “Оточ найман манал”-ын дэлгэмэл зургийг баруун хойд хананд өлгөсөн байдаг. Цааш явж гол сүмийн хойд хэсэгтэй шууд залгагдсан Занхан сүм рүү орно. Уг сүмд Лувсан хайдав Чойжин сахиусаа өөрийн биед буулгаж, зарлиг тааллыг сонсон, улс оронд учирсан саад бэрхшээлийг холдуулах зан үйл хийдэг байжээ. Занхан сүм гэдэг нь Догшидын орон хэмээх утгатай. Сүмийн хойд талд Богдын сэнтий байх бөгөөд энд догшин бурхдыг залжээ. Чойжин буулгах уг өргөөнд зөвхөн төр шашны тэргүүнүүд орох эрхтэй байсан бөгөөд 1911 онд Монголын төрийг залгамжлан авсан язгууртнууд Лувсанхайдавын түүхэн үүрэг, үнэ цэнийг үнэлэн “Төрийн Чойжин” болгосон бол 1921 оны хувьсгалчид мөн л энэ сүмийн догшин сахиуснуудад их үйлсээ даатган мөргөдөг байжээ. Гол сүмийн баруун талд байрлах сүм бол Зуугийн буюу мөргөлийн сүм. Төвд хийцтэй цаасан шуумлын аргаар хийсэн үзмэрүүд болох /зүүн талын шилэн хоргонд/ Янжинлхам бурхны догшин дүр, Балданлхам бурхны дүр энд байдаг. Чойжин ламын бясалгалын сүм буюу Ядам сүм. Нууц тарнийн, ядам буюу хос бурхдыг байрлуулсан байдаг. Чойжин ламаас өөр хүн тийш ордоггүй байсан бөгөөд хос Ядам бурхан хосуудад ээлтэй тул сүслэн мөргөвөл сайн ханьтай учирна хэмээн үздэг аж. Ер нь Чойжин ламын сүм музейн бурхад шүншигтэй амьд бурхад тул сүсэгтэн олон хүсэл зоригоо хэлж, ажил үйлсээ даатгадаг байв. Ядам сүмийн үүдэнд цахиар бууг хамгаалагч болгон байрлуулжээ. Олноо Өндөр гэгээний сүм хэмээн нэрлэгдсэн сүмд түүний хэрэглэж байсан эд зүйлс, урласан бурхдыг байрлуулжээ. Монгол гэрийн хэлбэртэй уг сүмийн ханыг тэр чигээр нь уул усыг санагдуулам өвөрмөц, товгор хээ гарган урласан байна. Өндөр гэгээний цул цутгуурын нэрэх арга буюу нэг ч залгаас гагнаасгүйгээр бурхад бүтээдэг арга нь дэлхий дахинд гайхагддаг бөгөөд энэхүү аргаар бүтээсэн үзмэрүүдийг эндээс олж үзнэ. Өндөр гэгээн нь улс төрийн томоохон зүтгэлтэн төдийгүй гүн ухаан, хэл шинжлэл, одон орон, уран баримал хэмээх таван ухаанд төгс нэвтэрсэн соён гэгээрүүлэгч хүн билээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн үед Чойжин ламын сүм музейн нэг ч тоосго хөндөгдөөгүй үлдсэн нь зол гэлтэй. Учир нь анхны долоогийн нэг Маршал Чойбалсан нь Чойжин буудаг хүний гэрт өсч хүмүүжсэн тул Чойжин сахиус төрөө хамгааж, манжаас чөлөөлөгдөхөд их үүрэг гүйцэтгэснийг ойлгодог байсан учраас нураалгүй бүтнээр нь авч үлдсэн байна. Газар газрын үнэт дурсгалуудыг авчирч байрлуулан, хосгүй үнэт түүхийн сор бүтээлүүдээр баяжуулсан Чойжин ламын сүм музейн үзмэрүүд өдгөө ч нүд баясгаж, сэтгэлийн амар амгаланг бэлэглэн нийслэлийн маань төв хэсэгт монгол уламжлалын маань хадгалагдаж ирсэн хосгүй үнэт түүхийн өв соёл болон оршсоор байна.