Жижигхэн биетэй, туранхай шар хүүг ирээдүйд Алтан зул, Дандаа чамайгаа хайрлаж явъя зэрэг хит дуунууд зохиохыг хэн мэдлээ

431133889_7615221045175474_7962824718837625945_n
Монголын эстрадын урлагийн түүхэнд өөрийн мөрөө тод үлдээсэн “Өргөө” хамтлагийнхан шилдэг хит дууныхаа пянзыг АНУ-д хэвлүүлж авчраад, удаагүй байна. Хамтлагийн ахлагч, МУУГЗ И.Болоож манай ангийн хүү, аавын минь отгон дүү юм. Бид хоёр Булган хотын үлгэр жишээ улсын тэргүүний “Нэгдүгээр бага сургууль”-д орж, улмаар П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн сургуульд дэвшин суралцаж байлаа. Дунд ангид хамт сурч байгаад манай хамаатан Очир гуайн/Шагжаа ахын/ Баасансүрэнгийн сурдаг 6″Б” ангид шилжин суралцсан цагаас тэдний ангийн хөвгүүд банзан гитартай нөхөрлөснийг би сайн мэднэ. Тэрээр наймдугаар ангиа төгсөөд, Багшийн сургуулийн соёлын ангид сурахаар явж, удалгүй урлагт хөл тавьж хамтлаг байгуулж эстрадын урлагт олон жилийн хөдөлмөрөө зориулсаар яваа билээ. Нэг тийм жижигхэн биетэй, туранхай шар хүүг ирээдүйд “Алтан зул”,”Нар инээдэг юм”, “Намар”, “Зүүд”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя” зэрэг хит дуу зохиохыг хэн мэдлээ. Ирэх жил сургуулийн минь 100 жилийн ой тохионо. МУУГЗ И.Болоож аргагүй л Булганы бүтээгдэхүүн дээ. МУГБагш Г.Банзрагч багшийн дааж төгсгөсөн анхны шавь нар нь 1970 оны хар цагаан зурагтад буй хүүхдүүд юм ш дээ.
Зуны амралт эхлэнгүүт аав биднийг Сайхан суманд хөгшин ээжийнд/Одоохүү ахынд/ хүргэж өгнө. Хөгшин ээж бие эрүүл, хөнгөн шингэн тул олон жил мал тууж, нэгдлийн хонь маллаж байсан тул тэдэндээ тус дэм болж, бас цагаан идээгээр гэдсээ цайруулаг гээд хөдөө явуулж амьдрал үзүүлдэг байж дээ. Болоож моринд сайн. Давхихыг үзүүлж өгнө. Харин би морь унахдаа тааруухан. Бүүрэгнээсээ зуурчихаад, хөгшин ээжид “Орос шиг” гээд шоолуулдагсан. За тэгээд мангир идэж бөөлжиж, тогоо нэрэхдээ дотор нь охины сав зүүхээ мартсан, томчуудыг бригадын өдөрлөгт явсан хойгуур хөгшин ээжийн авдраас архины шилтэй нэрмэлийг өгч байсан, хоол хийх борцоо гадаа хаяанд мартсанаас бороонд норсныг мэдээгүй гээд хөгжилтэй зүйл их дээ. Тэнгэр дуугарч бороо шаагихад бидний айсныг мэдээд, Болоож тарни зааж өгч билээ.
…Цаг байсан бол бид хоёрт хуучлах зүйл их байлаа. Шинэхэн пянзаа хүлээж аваад удаагүй ангийн хүүтэйгээ утсаар холбогдож дурсгалын пянзыг нь гардлаа. Надаас дөрвөн сарын ах гэсэндээ миний гар дээр гараа тавьж томорлоо. Ах гал дээр бууз жигнэхээр жигнүүрээ тавьчихсан хүлээж байсан ч цаг давчуу явсан тул тухалж амжсангүй. Болоож маань хөгшин аав ээжийн зурагтай зэрэгцүүлэн аавын минь зургийг хамт хүндэтгэн залсанд өөрийн эрхгүй талархлаа. Тоглолттой байж байгаад үзэж амжаагүй тул “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийг ухрааж үзэх гэж байхад нь таарсан юм. Монгол банкны дэргэдэх “Эрдэнэс” хамтлагийн бүсгүйчүүд тэр нэвтрүүлэг дээр Болоожийг “Хүнлэг сайхан сэтгэлтэй” хэмээн магтан ярьж байсан. Нээрээ л тэр бүхнийг зохион байгуулж, бусдын төлөө явдаг зан нь одоо ч хэвээрээ. Ангийн хөвгүүн маань удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Чамдаа амжилт ерөөе. Монголын рок поп, эстрадын урлагт 40 жил зүтгэсээр.
Эх сурвалж : Ariunaa Tseesuren